Т.Гандбадраа: Цэргийн алба хааж байгаа ч БНХАУ-ын тэтгэлэг авахын тулд хичээнгүйлэн бэлдсэн

2022 оны 06 сарын 21

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын дэмжлэгээр хамрагдан суралцахаар шалгарсан 28 хүүхдэд өчигдөр тэтгэлэг гардуулж өглөө. Харин энэхүү тэтгэлгийн хамгийн өндөр оноог цэргийн алба хааж байгаа залуу авчээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат Т.Гандбадраа нь одоогоор Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хугацаат цэргийн албаа хааж байгаа юм байна. Түүнээс энэхүү тэтгэлэгт хэрхэн бэлдэж, амжилттай оролцсон талаар нь тодрууллаа.


-Цэргийн ангидаа шалгалтад бэл­дээд хамгийн өндөр оноог авсан байна. Шалгалтандаа хэрхэн бэлдсэн бэ?

-Би сертифкатаа гардан авахын тулд цэргийн ангиасаа чөлөө аваад ирсэн. Шалгалт өгөхдөө ч бас чөлөөгөөр гарч ирж байлаа. Цэргийн алба хаах нэг жилийг ашиггүй хугацаа алдалт болгохгүйн тулд чөлөөтэй цаг гарах бүрийд хичээлээ давтаж байсан. Цэргийн албаныхан маань цаас, үзэгнээс эхлээд шалгалтад бэлдэх бололцоог бий болгож өгсөн юм. Хэдий цэрэгт мэдээ мэдээлэл хомс ч эргэлтээр ирсэн гэр бүл найз нөхдөөсөө асууж сурагласаар шалгалтынхаа мэдээллийг авч чадсан. Хүмүүс нэг жилийн цэргийн алба хаахаар хугацаа алдана, өөр бусад олон чухал зүйлээс хоцорно гэж боддог. Гэвч хичээвэл хаана ч боломж байдаг шүү дээ.

-Цэргийн ангиас БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгийг авч чадсан байна шүү дээ. Яагаад заавал БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийг сонгосон бэ?                                          

-Хөл хорионоос үүдэн сүүлийн хоёр жил гадаадын их сургуульд суралцах боломж тун хавчиг болсон. Харин энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь БНХАУ-ын шилдэг их сургуулиудад зуучилж өгдөг. IELTS, HSK зэрэг хэлний оноо шаардахгүйгээр цахимаар хэлний түвшин тогтоох шалгалт авсан. Би энэ оноогоороо нэгдүгээрт эрэмбэлэгдэж, тэтгэлгийн болзол хангасан гэсэн үг. Үүнээс гадна БНХАУ-ын их сургуулиуд дэлхийн чансаанд дээгүүр үнэлэгддэг. Ийм учраас цэргийн алба хааж байгаа ч яаж ийгээд л энэхүү тэтгэлэгт тэнцэхийг зорьсон.                                                                                 

-Халагдаж ирээд юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Нэст Эдүкэйшн АйТи сургуульд ахлах ангиа дүүргээд өөрийн хүсэлтээр цэргийн алба хаахаар явсан. Иргэн хүнийхээ, эр хүнийхээ хувьд цэргийн алба хаах нь зөв гэж боддог болохоор тэр л дээ. Цэргээс ирэх аравдугаар сард халагдана. Тэтгэлгээрээ БНХАУ-д компьютер технологийн чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй байна.

-Хэдхэн сарын дараа халагдах гээд догдолж байна уу. Цэргийн алба хааснаар танд ямар өөрчлөлтүүд гарч байгаа вэ?

-Нэр төртэйгөөр эр цэргийн албаа хааж, эх орны хүү болж байгаадаа баярлаж байна. Цэргийн алба хааснаар хүн өөрөө өөрийгөө илүү ойлгож, тэсвэр хатуужилтай болдог мэт санагдсан. Биеийн хүч чадал, ертөнцийг үзэх үзлийн хувьд ч тэр би өөрийгөө өмнөхөөсөө илүү дээрдсэн гэж бодож байгаа.

А.БОЛОР-ЭГШИГЛЭН

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(203.91.115.52) 2022 оны 07 сарын 10

Дүүгээрээ бахархаж байна, баяр хүргэе

0  |  0
Эмээ(192.82.81.171) 2022 оны 06 сарын 24

Ач хүүдээ маш их баярлаж байна. Цэргийн алба сайн хаагаад ирээдүй хэмээх өргөн замаар хүчтэй, ухаалаг замнаарай.

2  |  0
9(103.229.120.253) 2022 оны 06 сарын 21

Эвий минь ямар хөөрхөн юм бэ? Нялхаараа цэрэгт ийм хөөрхөн хүүхдүүд явдаг. Тэднигй битгий зодоорой цэргийн дарга нараа

1  |  0
999(118.235.7.89) 2022 оны 06 сарын 21

Хөөрхөн .мундаг хүү байна. Амжилт хүсье.

0  |  0
8(31.10.166.185) 2022 оны 06 сарын 21

Yostoi doo.hicheevel hend ch haana ch bolomj baidag gej.dandaa l buruug etseg eh bagsh surguuliasaa haigaad uursduu yu ch hiihgui yavaad baij bolohgui shuu huuhduudee.etssiin etsest ta nariin uursdiin amidral .

0  |  0
Hello(202.126.89.127) 2022 оны 06 сарын 21

0  |  0
Top