Б.Лхагвасүрэн: Инфляц  тогтворжих хугацаа 2 улирлаар хойшилж байна

2022 оны 06 сарын 23

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны  хурлаас эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөвийг харгалзан бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөн 10 хувьд хүргэх шийдвэр гаргасныг өчигдөр /2022.06.22/ мэдээлсэн билээ.

Инфляцыг өдөөж буй гадаад шалтгаанууд шийдвэрлэгдэх боломж хомс харагдаж буй өнөөгийн нөхцөл байдалд мөнгөний бодлогыг нэмж хатууруулах, Бодлогын хүүг  энэ удаад 1 нэгж хувиар нэмэх байх гэсэн хүлээлт албан ёсоор биежээд буйг тодотгоё.

Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэхүү бодлогын шийдвэр гаргахад харгалзан үзсэн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн төлөвийн талаар дараах  мэдээллийг өглөө.

Тэрбээр "Гадаад эдийн засгийн төлөв өмнөх улирлаас муудсан дүр зурагтай байна. Тухайлбал:

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн БНХАУ-ын эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах, улмаар манай экспортын бүтээгдэхүүний гадаад эрэлт муудах эрсдэл нэмэгдсэн,

Украин дахь дайн, үүнээс улбаатай эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ үргэлжилсэн хэвээр,

Глобал түвшинд инфляцын өсөх дарамт үргэлжлэхээр байгаагаас төв банкууд мөнгөний бодлогоо илүү хурдан хатууруулах төлөвт шилжүүлж байгаа зэрэг нь голлон нөлөөлж байна.

Түүнчлэн, дэлхий нийтэд үнийн өсөлт эрчимжихэд:

ОХУ-Украины нөхцөл байдлаас үүдэн эрчим хүчний зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал үргэлжилж, газрын тосны үнэ, байгалийн хийн үнэ өндөр байх,

Үр тариа, ургамлын тосны нийлүүлэлт буурч, хүнсний үнэ өсөх,

Нийлүүлэлтийн сүлжээ доголдож, үйлдвэрлэлийн зардал үргэлжлэн өсөхөөр байгаа нь нөлөөлж байна.

Ийнхүү дэлхий нийтэд инфляц эрчимжиж байгаа нь Төв банкууд бодлогын хүүгээ хүлээлтээс давуулан өсгөх шаардлагыг үүсгэж байна. Мөн экспортын голлох түүхий эдийн үнэ богино хугацаанд өндөр түвшинд хадгалагдах бол дунд хугацаанд эргэн буурах эрсдэл үүсэж байна.

Дотоод эдийн засгийн хувьд эдийн засгийн өсөлт 2022 оны 1 дүгээр улиралд уул уурхайн салбар, газрын тос, нүүрсний олборлолтоос үүдэн саарсан ч уул уурхайн бус салбар сэргэлттэй гарлаа. Тодруулбал,

Цаг агаарын нөхцөл байдал таатай байсан нь хөдөө аж ахуйн салбар идэвхжихэд нөлөөлсөн бол,

Хэрэглээ, импорт сэргэж байгаагаас худалдааны салбар, үүнтэй уялдан татварын орлого бүрдүүлэлт нэмэгдсэн нь уул уурхайн бус салбарт эергээр нөлөөлөв,

Үйлчилгээний салбараас зочлох үйл ажиллагаа, аялал, урлаг үзвэр зэрэг үйлчилгээ голлох өсөлтийг бүрдүүлжээ,

Түүнчлэн, хөдөлмөрийн зах зээлд уналт зогсож, ажил эрхлэлт 10 орчим хувиар өссөн нь 5 улирал дараалан агшсан өрхийн хэрэглээ 1 дүгээр улиралд сэргэхэд дэмжлэг боллоо.

Энэ удаа Монголбанк 2022 оны эдийн засгийн өсөлтийн суурь төсөөллийг өмнөх улирлын түвшинд буюу 2.4 хувьд хэвээр хадгаллаа.

Нэг талаас газрын тос болон нүүрсний экспортын уналт нь уул уурхайн салбарын өсөлтийг сааруулахаар байгаа бол,

Нөгөө талаас уул уурхайн бус салбар, тэр дундаа хөдөлмөр харьцангуй ихээр шингээдэг хөдөө аж ахуй, үйлчилгээ, худалдаа, үүнийг дагасан татвар бүрдүүлэлт нэмэгдэхээр байгаа нь өсөлтийг тэтгэнэ гэж үзлээ.

Инфляц 2022 оны 5 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 15.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 16.2 хувьд хүрч өсөөд байна. Өмнөх төсөөлөлтэй харьцуулахад:

Хатуу түлшний хөнгөлөлт он дуустал үргэлжилнэ гэж төсөөлж байсан нөхцөл байдал өөрчлөгдөн 4 дүгээр сараас эхлэн хөнгөлөлт дуусаж, үндсэн үнээрээ борлуулагдаж эхэлсэн,

Мөн АИ-92 бензин хөнгөлөлттэй үнээр борлуулагдаж байгаа боловч бусад төрлийн бензин, түлш дэлхийн зах зээл дэх нефтийн үнийг даган өсөж байгаа,

Махнаас бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ төсөөллөөс өндөр өссөн зэрэг нь инфляцын төсөөллийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болов.

Түүнчлэн, дэлхий дахинд үүсээд буй үнийн өсөлт, тээвэр логистикийн хүндрэлээс үүдэлтэйгээр:

Гадаад инфляц, хүнсний болон хүнсний бус импортын үнийн төлөв аль аль нь эрчимжих,

Импортын барааны үнийн өсөлтийн дам нөлөө дотоодын бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх зэрэг нь инфляц өндөр түвшинд хадгалагдахад нөлөөлж байна.

Эдгээр шокийн нөлөөгөөр инфляц эргэн буурч, Төв банкны зорилтот интервалд орж тогтворжих хугацаа 2 улирлаар хойшилж байна. Цаашид хил, боомт дээрх удаашрал үргэлжлэх, гадаад суурь хүү илүү хурдан өсөх, инфляцын хүлээлт өсөж болзошгүй байгаа нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинээс өсгөх гол эрсдэл болж байна.

Үүнээс гадна манай улсын төлбөрийн тэнцэл 2022 оны эхний 5 сард 1051 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Үүнд 2022 оны эхний улиралд худалдааны тэнцэл муудсанаар урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 3.4 дахин тэлсэн нь голлон нөлөөлөв. Төлбөрийн тэнцэл ийнхүү муудаж байгаа нь валютын ханш сулрах, албан нөөц буурах суурь нөхцөл болж байна. Мөн, БНХАУ-ын цар тахлын нөхцөл байдал, үл хөдлөх хөрөнгийн салбарын төлөв, бодлогын арга хэмжээтэй холбоотойгоор эрдэс бүтээгдэхүүний үнийн тодорхой бус байдал нэмэгдэж байна. Энэ нь бидний хувьд дотоод эрэлтийн зохистой удирдлага, бодлогын тохиргоог үргэлжлүүлэх шаардлагыг бий болгож байна.

Түүнчлэн, 2022 оны 1 дүгээр улиралд хэрэглээ, уул уурхайн бус салбар, тэр дундаа хөдөлмөр харьцангуй ихээр шингээдэг салбаруудад сэргэлтийн шинж тэмдгүүд илрэн, хөдөлмөрийн зах зээлд сэргэлт гарч байгаа нь ирэх улирлуудад дотоод эрэлтийг дэмжих нөлөөг үзүүлэхээр байна. Нөгөө талаас төв банкууд бодлогын хүүгээ өсгөж, гадаад суурь хүү өсөж байгаа нь бидний хувьд ч мөн адил хүүгээ өсгөж бодлогын тохиргоо хийх шаардлагыг бий болголоо.

Иймд эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хадгалах хүрээнд мөнгөний бодлогын төлөвийг үргэлжлүүлэн чангаруулж, ханшийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж байна" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top