Төлбөрийн тэнцэл муудаж буй нь валютын нөөц буурах суурь нөхцөл болж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

Манай улсын төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ  оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 963 сая ам. доллароор буюу 2.7 дахин өссөн үзүүлэлттэй байгаа.

Төлбөрийн тэнцлийн алдагдал ийн өсөхөд 2022 оны эхний улиралд худалдааны тэнцэл муудсанаар урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 3.4 дахин тэлсэн нь голлон нөлөөлсөн гэж Төв банк тайлбарлаж байна. Төлбөрийн тэнцэл ийнхүү муудаж байгаа нь валютын ханш чангарах, албан нөөц буурах суурь нөхцөл болж байна. 

Мөн, БНХАУ-ын цар тахлын нөхцөл байдал, үл хөдлөх хөрөнгийн салбарын төлөв, бодлогын арга хэмжээтэй холбоотойгоор эрдэс бүтээгдэхүүний үнийн тодорхой бус байдал нэмэгдэж байна. Энэ нь бидний хувьд дотоод эрэлтийн зохистой удирдлага, бодлогын тохиргоог үргэлжлүүлэх шаардлагыг бий болгож байна.

Түүнчлэн, 2022 оны 1 дүгээр улиралд хэрэглээ, уул уурхайн бус салбар, тэр дундаа хөдөлмөр харьцангуй ихээр шингээдэг салбаруудад сэргэлтийн шинж тэмдгүүд илрэн, хөдөлмөрийн зах зээлд сэргэлт гарч байгаа нь ирэх улирлуудад дотоод эрэлтийг дэмжих нөлөөг үзүүлэхээр байна. Нөгөө талаас төв банкууд бодлогын хүүгээ өсгөж, гадаад суурь хүү өсөж байгаа нь бидний хувьд ч мөн адил хүүгээ өсгөж бодлогын тохиргоо хийх шаардлагыг бий болголоо.

Иймд эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хадгалах хүрээнд мөнгөний бодлогын төлөвийг үргэлжлүүлэн чангаруулж, ханшийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж байна гэж Төв банкнаас тайлбарлаж буй юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энэ яг үнэн(59.153.112.54) 2022 оны 06 сарын 24

төгрөг хошногоны алчуур болоод удаж байна. одоо улам олон давхарлаж бөгсөө арчицгаа төгрөгөөр . ямар гайнуудыг сонгосноо мэдрэх л хэрэгтэй

0  |  0
Top