СУРВАЛЖИЛГА: Монголд медиа бүтээл сонирхдог залуус олон болжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 27

Бөөрөнхий дээвэртэй цагаан байран дотор залуус дээш харан хэвтэцгээнэ. Тэд тааз ширтэн, гэрлийн тусгал ашиглан хийсэн медиа бүтээлийг харж, биширч байгаа нь энэ... Сонирхолтой байгаа биз.


Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулсан "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмын хаалтын үйл ажиллагааг зорилоо. Тус наадмын үеэр болсон үзэсгэлэн, арга хэмжээнүүд нь содон өнгө төрхийг гаргасан, өмнө нь авч байгаагүй мэдрэмж өгсөн болохоор сүүлийн үзэсгэлэн дээр очихыг хүссэн юм.

Хаалтын үзэсгэлэнд Германы уран бүтээлч Али М.Демирелийн 360° уран бүтээлийг толилууллаа. Түүний үзэсгэлэнг сонирхохоор маш олон залуус иржээ. Тэд заалны голд шалан дээр дэвсгэр дэвсэн сууцгаажээ. Харин бүтээл толилуулах үеэр нэгнээ дэрлэн, дээш харан хэвтэцгээх нь тухтай, бас эрх чөлөөтэй харагдана. 

Учир нь 360º бүтээл өмнөх медиа уран бүтээлүүдээс тэс өөр. Бөөрөнхий хэлбэртэй байрны тааз руу өнгө өнгийн гэрэл тусгаж, гэрлээр наадна. Түүнийг яг ийм эрх чөлөөтэй өнцгөөс үзэх нь өөрөө хамгийн сонирхолтой. 
 


Ц.ЭНХЧИМЭГ: МОНГОЛ ЗАЛУУСЫН ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛГООР ЖИЛ БҮР ГАДНЫН УРАН БҮТЭЭЛЧИЙГ УРЬДАГ


Долоо дахь удаагаа зохион байгуулж буй "Улаанбаатар" олон улсын медиа наадамд Германы уран бүтээлчийн бүтээлийг яагаад онцолж байгаа талаар Монголын урлагийн зөвлөлийн Урлагийн хөтөлбөрийн зохицуулагч Ц.Энхчимэгтэй ярилцлаа. 

-Хаалтын арга хэмжээнд яагаад Германы уран бүтээлчийн бүтээлийг онцлох болов?

-Манай “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам бол технологийн дэвшлийг орчин үеийн урлагт нэвтрүүлсэн бүтээлийг Монголынхоо үзэгчдэд хүргэх, мөн Монголынхоо уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлэхэд чиглэгддэг.  Тийм учраас гаднын уран бүтээлчдийг урьж, ажилладаг. Энэ жилийн тухайд Германы уран бүтээлчийн 360º бүтээлийг наадмынхаа үзэгчдэд хүргэж байна.

Энэхүү уран бүтээлчидтэй бид  “Гёте институт"-аар дамжуулан танилцсан. Одоогоос хоёр жилийн өмнө энэхүү уран бүтээлчийн “Овоо” гэдэг 360º бүтээлийг дэлгэж байсан. Энэ жилийн тухайд өмнөх бүтээлийг нь дахин дэлгэж, мөн “Төвийг зорих өнгөнүүд” гэх шинэ бүтээлийг танилцуулж байна.

-Энэ удаагийн "Улаанбаатар" олон улсын наадам өмнөх жилүүдээс юугаараа онцлог болж байна вэ?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахал гарсны улмаас гаднын уран бүтээлчдийг авч ирж, оролцуулж чадахгүй байсан. Мөн галт тэрэгний аяллыг зохион байгуулж чадаагүй.

Энэ жилийн наадмаа бид өнгөрсөн хоёр жилд хийж чадаагүйгээрээ өргөн дэлгэр хийлээ. Дорноговь руу галт тэрэгний аяллаа сэргээх боломж олдсон. Мөн гаднаас уран бүтээлчийг монголдоо авч ирэх боломжтой болсон.
 


ЛЕОНХАРД ХАЙДЭКЕР: МОНГОЛД ӨНДӨР УР ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧИД ОЛОН БАЙНА 

Монголын урлагийн зөвлөлөөс долоо дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадмын эхний жилээс л "Гёте-Институт" хамтарч байгаа аж. Медиа урлагийн бүтээл танилцуулж буй арга хэмжээнд яагаад хамтрах болсон талаар Монгол дахь Гёте-Институтийн захирал Леонхард Хайдэкертай ярилцсан юм. 

-"Улаанбаатар" олон улсын наадмыг анх зохион байгуулах үеэс эхэлж, урлагийн зөвлөлтэй хамтарсан гэсэн. Яагаад энэ наадмыг хамтарч хийхээр болсон бэ?

-Монголд медиа урлагийн арга хэмжээ, наадам төдийлөн болдоггүйг анзаарсан юм. Тэгээд л 2015 онд хамтарч зохион байгуулж эхэлж байлаа. Түүнээс хойш жил алгасахгүй хийсээр долоон жилийг ардаа үджээ. Хөл хориотой, хүнд үед ч наадмаа орхигдуулахгүй хийсэнд маш их баяртай байдаг. 

-Энэ жилийн наадмын онцлог юу вэ?

-Бид гурван жилийн дараа наадмаа дахин өргөн цар хүрээнд зохион байгуулж байна. Тийм ч учраас цахимаар зохион байгуулах үед оролцож байсан уран бүтээлчдийн бүтээлийг дахин дэлгэж, говь руу ч аяллаа.

-Монголд медиа урлагийн хөгжил ямар түвшинд байна гэж та харж байна?

-Үнэнийг хэлэхэд монголд маш олон медиа уран бүтээл хийдэг залуус байна. Тиймээс тэднийг хооронд нь танилцуулсан, бүтээлийг нь нэг дор нэгтгэсэн зүйл хийх хэрэгтэй гэж бодсон юм.

Монголд өндөр ур чадвартай уран бүтээлчид их олон байна. Тэр тусмаа залуучууд маш мундаг ур чадвартай. Цэцгийг услаад байвал ургадаг шиг, медиа бүтээл хийхээр тэмүүлж байгаа залуусыг дэмжих тусам илүү сайжирч байна.

-Өнөөдрийн энэхүү хаалтын үйл ажиллагаанд Германы уран бүтээлчийн 360º медиа бүтээл дэлгэгдэх юм билээ?

-Тийм ээ. Одоо бүтээлээ дэлгэх Али М.Демирел маань "Улаанбаатар" наадамд хоёр дахь жилдээ оролцож байгаа. Түүний энэ удаагийн уран бүтээл маш онцгой.

360º бүтээл гэдэг бол хүссэн орчиндоо дэлгэх боломжтой зүйл биш. Бөөрөнхий буюу 360 градусын төхөөрөмж ашиглаж байж, харуулах боломжтой.

Манай Али М.Демирел гэх уран бүтээлч маань Германд маш их нэр хүндтэй, олон зүйл хийсэн хүн. Түүний бүтээл зүгээр л гайхамшигтай. 

Аливаа бүтээлийн талаар ярихаас илүү үзэх нь маш сайхан мэдрэмж өгөх болно. Тиймээс олон залуус үзээсэй гэж хүсэж байна.
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top