Mөнгөний нийлүүлэлт /М2/ энэ оны тавдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар өсөж, 27.5 их наяд төгрөгт хүрчээ. Тодруулбал, жилийн өсөлтийн 4.5 нэгж хувийг гадаад валютын харилцах, 0.7 нэгж хувийг төгрөгийн харилцах, 0.4 нэгж хувийг гадаад валютын хадгаламж, -0.7 нэгж хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, -3.8 нэгж хувийг төгрөгийн хадгаламж тус тус бүрдүүлжээ.
Өмнөх сартай харьцуулахад мөнгөний нийлүүлэлт 0.2 хувиар буюу 66.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд улсын байгууллагын төгрөгийн хадгаламж өссөн нь голлон нөлөөлжээ. Харин хувийн байгууллагын гадаад валютын харилцах буурсан байна.
Нийт хадгаламжийн хэмжээ 18.4 их наяд төгрөг байгаагаас 85.4 хувь буюу 15.7 их наяд төгрөг нь иргэдийн, 14.6 хувь буюу 2.7 их наяд төгрөг нь байгууллагын хадгаламж бүрдүүлж байна. Мөн нийт хадгаламжийн 23.9 хувь нь гадаад валютын хадгаламж байгаа бөгөөд байгууллагын хадгаламжийн 30.1 хувийг, иргэдийн хадгаламжийн 22.8 хувийг гадаад валютын хадгаламж байв.
Мөнгөний нийлүүлэлтийг байршуулалт талаас нь авч үзвэл, Төв банк болон хадгаламжийн байгууллагуудын дотоод цэвэр активын дүн 26.5 их наяд төгрөг, гадаад цэвэр активын дүн 979.0 тэрбум төгрөгтэй тус тус тэнцэж буй аж.
Сэтгэгдэл ( 0 )