Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах асуудлаарх анхны хэлэлцээг өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулжээ.
Тус хэлэлцээг монголын талаас Монгол Улсын Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, америкийн талаас АНУ-ын Төрийн департаментын Агаарын тээврийн хэлтсийн дарга Алан Тусиньян ахалж, хоёр талын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.
Хэлэлцээний явцад талууд иргэний агаарын тээврийн салбарт баримталж буй бодлого, цаашдын хөгжил, хамтран ажиллах боломж, хэлэлцээрийн төслийн голлох элементийн талаар санал солилцжээ.
Хэлэлцээрийн төслийг тохиролцох албан ёсны хэлэлцээ эхэлж буй нь агаарын тээвэрлэгч нислэг үйлдэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх эрх зүйн суурь бүрдэхэд чухал ач холбогдолтой юм. Талууд дараагийн шатны хэлэлцээг ойрын хугацаанд үргэлжлүүлэхээр тохиролцлоо гэж ГХЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )