Үндэсний их баяр наадам бэлгэдэлтэй боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 06

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож байгаа билээ. Тэгвэл 2010 онд Юнескогийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д багтсан Эрийн гурван наадам маань энэ жилээс албан ёсны бэлгэдэлтэйгээр зохион байгуулагдаж байна.

Үндэсний их баяр наадамд зориулан бүтээсэн албан ёсны бэлгэдэл нь монголчуудын төрт ёс, цог золбоог илэрхийлсэн есөн хөлт Их цагаан туг буюу Цагаан сүлдийг Үндэсний их баяр наадмын бэлгэдлийн үндсэн илэрхийлэл болгосны сацуу  Монгол үндэстэн оршин тогтнох соёл, сэтгэлгээний баталгаа үндэсний бичгээр тодотгон чимсэн онцлогтой.

 

 

Үндэсний их баяр наадмын тухай

Жил бүрийн 07 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд улс даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг Үндэсний их баяр наадам нь Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан үе буюу МЭӨ I-II зууны үеэс эхтэй. Тухайн үеийн сурвалж, бичгүүдэд наадмын талаар дурдсан байдаг нь үүнийг гэрчлэх ба морь, бөх, сурыг тулгар төрийн үүсэл хэмээн үздэг байв.Түүнчлэн монголын нууц товчоонд эрийн гурван наадмыг “Хуран сар” буюу 07 дугаар сард тэмдэглэдэг байсан тухай тэмдэглэсэн нь бий. Түүхийн хуудсыг сөхвөөс…

 

  • 1639 онд Өндөр Гэгээн Занабазарыг халхын шашны тэргүүнээр өргөмжилж “Даншиг наадам”-ыг анх зохион байгуулсан түүхтэй.

 

  • 1772 онд Хэнтий уулыг тахих их наадам болж тус наадмыг “Арван засгийн наадам” хэмээн нэрийдэн 1912 оноос жил бүр хийх төрийн наадам болгов. Гэвч энэхүү наадам Богд хааныг таалал төгсөх хүртэл буюу 1925 он хүртэл үргэлжилсэн.

 

  • 1922 оноос эхлэн “Ардын төрийн наадам”-ыг тэмдэглэж эхлэв. Бүгд Найрамдах Монгол Ард Улс бүрэлдэн тогтсоны дараа хоёр наадмыг хамтатгах шийдвэр гаргасан бөгөөд 1925 оны 05 дугаар сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаар наадмын товыг 07 дугаар сарын 11-нд байхаар шийдвэрлэсэн нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байна.

 

 

“Наадам” брэнд

Хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сурын харваа, шагайн харваа тэргүүтэй үндэсний спортын төрлөөр нааддаг уламжлалтай монгол наадам нь өнөө цагт залуу үедээ нүүдэлчин соёл иргэншлийн өвийг таниулах, түгээх, өвлүүлэх их үйлийн эхлэл агаад үндэсний ижилсэл, тусгаар тогтнолоо бататгах онц үйлийн үргэлжлэл болж буй. Энэ ач холбогдол, онцлог шинжүүдийг товойлгон гаргах, дэлхийд данстай албан ёсны брэнд арга хэмжээ болгон таниулах зорилгоор энэ жил анх удаа “Наадам” брэндийг хөгжүүлээд байна.

Наадмын үндсэн илэрхийлэл нь эв нэгдэл, төрт ёс, бахархал бөгөөд өнө мөнхөд мандан бадрахуйн тайлал болсон гал, нар, сарыг бэлгэдэн эрхэмсэг оршихуй, ижилсэн эвлэхүй, бахдан омогшихуйн утга чанарыг илтгэдэг. Иймд Үндэсний их баяр наадамд зориулан Есөн хөлт Их цагаан тугийг гол бэлгэдлээ болгон монгол бичгээр тодотгон чимж, албан ёсны логог бүтээлээ.

Есөн хөлт цагаан туг нь монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл болсон цагаан тугийг цагаан зүсмийн адууны гөхөл дэлээр хийдэг нь монголчууд цагаан өнгийг цэвэр ариун, эрхэм дээд хэмээн хүндэтгэн дээдэлж ирсний илрэл билээ. Харин 800 гаруй жилийн түүхт "монгол бичиг" бол монголчуудын түүхийн салшгүй хэсэг бөгөөд аливаа үндэстнийг тодорхойлогч үндсэн шалгуур нь үндэсний уламжлалт бичиг үсэг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top