“Цемент шохой” ТӨХК Хөтөл хотыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад хамтарч ажиллана

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 21

Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК Сэлэнгэ аймгийн Сайхан сумыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад хамтарч ажиллахаар боллоо.

Тодруулбал, Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын удирдлагуудтай албан уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

Энэ хүрээнд Сайхан сумын Ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдэх “Шинэ Хөтөл” суурьшлын бүсийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хамтран шийдвэрлэх, "1000 айлын нийтийн орон сууц” төслийг хамтран хэрэгжүүлэх, цемент, шохой үйлдвэрийн 40 жилд зориулан барих 40 айлын амины орон сууцны төслийг хамтран хэрэгжүүлэх, Үйлдвэрийн үнээр цемент нийлүүлэх, цементний гэрээт борлуулагчийн цэгийг нээн ажиллуулах зэрэг ажлуудыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газартай хамтран гүйцэтгэх юм.
 


Санамж бичгийн ач холбогдлын талаар Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар "Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл хотын эдийн засгийн гол ноён нуруу нь Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр байгаа. Хөтөл хотод одоогийн байдлаар 10,000 гаруй иргэн байдаг. Үүнээс 820 нь Цемент, шохойн үйлдвэрт ажиллаж байна. Бид Хөтөл хоттой хамтран ажилласнаар тус хотод маш олон томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна. 

Тухайлбал, Сүмбэр сум болон Хөтөл хотын хоорондох 60 км газарт авто зам тавина. Ингэснээр Дархан, Эрдэнэт гэх мэт томоохон хотуудтай өрсөлдөж, хөгжих ирээдүй харагдаж байгаа. Энэ замаар ОХУ-аас Улаанбаатар хот руу чиглэсэн бараа бүтээгдэхүүний транзит тээвэр нэмэгдэнэ. Замаа дагаад зочид буудал, томоохон үйлчилгээний газрууд баригдах боломжтой. Энэ мэт алсын харааг харж, Сайхан сумын Засаг даргын тамгын газартай хамтран ажиллах санал тавьсны дагуу өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа.

Бид эхний ээлжинд 40 айлын орон сууц барина. Ирэх жилээс 1000 айлын нийтийн орон сууц барих ажил руу орно. Учир нь орон нутагт орон сууц, түрээсийн байр олдохгүй байна. Орон сууцны эрэлт, хэрэгцээ их байна" гэлээ.
 


Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын Засаг дарга Б.Мөнхболд "Манай Сайхан сумыг Цемент, шохойн үйлдвэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Цементийн үйлдвэрийн нөлөөгөөр 10,000 хүн амтай энэхүү хотыг авч явдаг. Үйлдвэрээ дагаж хөгжсөн хот гэдгийг хүн бүр мэднэ. Бид бүхэн ирэх 20 жилийнхээ хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гаргаж, батлуулсан.

Ирэх жил Хөтөл хот үүсгэн байгуулагдсаны 40 жилийн ой тохиож байгаа. Энэ ойг угтаж нэлээд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийж байна. Эдгээр бүтээн байгуулалтуудад Цемент шохойн үйлдвэртэй хамтран ажиллахаар боллоо" гэсэн юм.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
САЙН САЙН БАЙНА УУ(202.21.99.42) 2022 оны 07 сарын 21

Төв аймгийн Сүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Сайхан сумыг автозамаар холбосноор ЭРДЭНЭТ БУЛГАН ХӨВСГӨЛИЙН тээврийн зардал буурах өндөр ач холбогдолтой зам болно

0  |  0
САЙН САЙН БАЙНА УУ(202.21.99.42) 2022 оны 07 сарын 22

Төв аймгийн Сүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Сайхан сумыг автозамаар холбосноор ЭРДЭНЭТ БУЛГАН ХӨВСГӨЛИЙН тээврийн зардал буурах өндөр ач холбогдолтой зам болно

1  |  0
САЙН БАЙНА(103.111.68.3) 2022 оны 07 сарын 22

САЙН БАЙНА ЗАЛУУСТ БАЯР ХҮРГЭЕ

1  |  0
Top