Боловсрол, шинжлэх ухааны салбарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа зарим төсөл, арга хэмжээнд үүссэн нөхцөл байдлын талаар салбарын сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч дотоодын зах зээлд барилгын материал, түүхий эдийн үнэ болон ажиллах хүчний зардлын өсөлт зэргээс үүдэж төсвийн хөрөнгөөр санхүүжиж байгаа зарим хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хэрэгжилтийн явц удаашралтай байна.
Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2022 оны төсвийн жилд нийт 1,465.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, тухайн жилд санхүүжих дүн 356.9. тэрбум төгрөг бүхий 430 төсөл, арга хэмжээ хэрэгжиж буй юм. Салбарын хэмжээнд энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар 80 хувиас дээш гүйцэтгэлтэй нийт 305.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2022 онд олгох санхүүжилт нь 62.6 тэрбум төгрөг бүхий 86 төсөл, арга хэмжээ байна. Барилга угсралтын ажлын явц нь 80 хувиас дээш гүйцэтгэлтэй бөгөөд 2022 оны есдүгээр сард ашиглалтад орох боломжтой 47 төсөл, арга хэмжээнээс 19 нь Улаанбаатар хотод байршилтай байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд 1690 хүүхдийн хүчин чадалтай 8 цэцэрлэг, 520 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 2, 3840 хүүхдийн хүчин чадалтай 6 сургууль, спорт заал, их, дээд сургуулийн хичээлийн байр, дотуур байр тус бүр 1 ашиглалтад орохоор байгаа аж.
Үүнтэй холбогдуулан боловсрол, шинжлэх ухааны салбарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа 80 хувиас дээш гүйцэтгэлтэй төсөл, арга хэмжээний ажлыг эрчимжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд бүрэн ашиглалтад оруулах талаар хууль тогтоомжийн хүрээнд зохих арга хэмжээг авч, дүнг танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Сэтгэгдэл ( 0 )