Цолонд хүрсэн 23 бөх допингийн шинжилгээгээ "давж" чадах уу

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 17

-БНСУ-ын лаборатори руу илгээсэн допингийн 80 сорьцын зургаагийнх нь хариу ирээгүй байна-


Үндэсний баяр наадам өндөрлөөд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Өнөө жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэж, 1024 бөх барилдуулж, Улсын аварга, Улсын арслан цолтон шинээр төрсөн билээ. Мөн Улсын заан гурав, Улсын харцага дөрөв, Улсын начин цолтон 14 төрж, цол мялаалгын найр наадам бүтэн сарын турш үргэлжилж байна.

Харин ойрын өдрүүдэд төрийн наадамд шөвгөрсөн бөхчүүдийн зарим нь допингийн шинжилгээндээ бүдэрсэн тухай мэдээлэл тархаад байгаа юм. Бүр тодруулбал, нэг Улсын аварга цолтноос допинг илэрсэн байх магадлалтайг онцолж буй.  Энэ жилийн бөхийн барилдааны наймын даваанд аварга С.Мөнхбат, есийн даваанд Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нар өвдөг шороодсон бөгөөд харцага О.Хангай 10 даван түрүүлж, аварга цол хүртсэн.

Хэрвээ дээрх мэдээлэл үнэн бол энэ дөрвөн аваргын нэгээс нь допингийн төрлийн эм, бэлдмэл илэрсэн байж болзошгүй гэх албан бус мэдээлэл түгээд байна. Түүнчлэн шинжилгээний хариугаар 6-7 бөхөөс допинг илэрсэн гэх цуу яриа ч байгаа юм. Дуулианы сэдэв болоод буй дээрх асуудлын талаар албаны эх сурвалж болон шөвгөрсөн зарим бөхтэй холбогдож, тайлбар мэдээлэл авлаа.

 

П.Сайнзориг: Нийт 80 сорьц БНСУ руу явуулснаас 74 сорьцын хариу ирээд байна

 

 

Наадмын дараа допингийн шинжилгээний хариу олны анхаарлыг татдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд  бөхийн барилдааны түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрч, бөхийн нэр хүнд үлэмж хэмжээгээр унасан. Тэгвэл энэ жилийн шинжилгээний хариу гарсан эсэх талаар Үндэсний их баяр наадмын бөхийн салбар комиссын дарга П.Сайнзоригоос тодрууллаа.


-Бөхчүүдийн допингийн  шинжилгээний хариу гарчихсан юм уу. Зургаан бөхөөс хориотой бодис илэрсэн байж болзошгүй мэдээлэл байна?

-Энэ жил нийтдээ 80 сорьцыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн. Тодруулбал, дөрөв давсан 64 бөх болон үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр гээд 16 харваачаас сорьц авсан байдаг. Дээрх 80 хүний шинжилгээний хариу цувраад л ирж байгаа. Бүх хариу ирээд дуусахаар салбар хорооноос албан ёсоор мэдээлэл хийнэ. Тийм учраас та бүхэн тэвчээртэй хүлээхийг хүсье. Гадуур худал цуурхал тараад байна. “Допинг илэрлээ” гээд л. Тийм зүйл огт байхгүй.

-Тэгэхээр зургаан бөхөөс допинг илэрсэн байж болзошгүй гэдэг мэдээлэл худал болж таарах нь ээ?

-Тиймээ. Одоогийн байдлаар нийт 80 хүний шинжилгээний 74-ийнх нь л хариу ирээд байна. Шинжилгээний хариу цувраад л ирэх ёстой.  Бүх шинжилгээний хариу буюу 80-уулаа ирсэн үед л дугтуйг задлах хуулийн зохицуулалттай. Наана нь задалж үзэх ямар ч боломжгүй. Тийм учраас гадуур яригдаад байгаа асуудал худал цуурхал гэдгийг хэлмээр байна.

 

Ц.Магалжав: Баяр наадмын комиссоос асуу

 

 

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжаваас тайлбар мэдээлэл авлаа. Тэрбээр “Баяр наадмын тухай хуульд зааснаар долоодугаар сарын 12-ны үдээс хойш дөрөв давсан бүх бөхчүүдээс шинжилгээ авсан. Энэ удаагийн шинжилгээг Биеийн тамирын улсын хороо, Олимпын хороо, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын төлөөллүүд оролцож авсан байгаа.

Сорьцуудыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан. Хариу тухайн лабораторийн ачааллаас шалтгаалж хэзээ гарах нь тодорхой болно. Одоогоор хариу хэзээ гарахыг бидэнд мэдэгдээгүй байна” гэлээ. Түүнээс “Зургаан бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн гэх мэдээлэл байна. Танай холбоон дээр албан ёсны мэдээлэл ирсэн үү” гэхэд “Шинжилгээний хариу манай холбоон дээр ирдэггүй. Баяр наадмын комиссын ажлын албаныхан сайн мэдэж байгаа” гэснээс өөр мэдээлэл өгсөнгүй.

Харин өнөө жилийн наадамд шөвгөрч, допингийн шинжилгээ өгсөн хэд, хэдэн бөхчүүдтэй холбогдлоо. Үүсээд буй асуудалтай холбогдуулан Улсын аварга С.Мөнхбатын байр суурийг сонслоо. Тэрбээр “Шинжилгээний хариуны талаар мэдэгдэл надад лав ирээгүй байна. Гадуур тархаад байгаа мэдээлэл хандалт авах гэсэн хуурамч сайтуудын л гаргасан цуурхал байх” гэсэн юм. Харин Улсын заан Б.Серик “Допингийн шинжилгээний хариу гарсныг мэдсэн. Би хэрэглэсэн зүйлээ мэдэж байгаа. Надад айх зүйл байхгүй ээ” хэмээн мэдээлсэн байна. Мөн Улсын аварга П.Бүрэнтөгс допингийн шинжилгээнээс айхгүй байгаа тухайгаа ч тайлбарлаад амжжээ.

 

Цол авсан бөхчүүдээс допинг илэрвэл яах вэ

 

Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбоотойгоор энэ жилээс эхлэн дөрөв давсан бөхөөс допингийн шинжилгээ авдаг болсон билээ. Мөн шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэх саналыг зохион байгуулах хороо эрх бүхий этгээдэд гарган шийдвэрлүүлнэ. Мэдээж допингийн шинжилгээнд бүдэрсэн бөх, харваачийн эрхийг тодорхой хугацаагаар хасна. Тэгвэл энэ дундаас олны анхаарлыг хамгийн их татаад байгаа нь үндэсний бөхийн барилдаанд таваас дээш давж, улсын цолонд хүрсэн бөхчүүдийг эргэн саная.

Монгол Улсын начин цолны болзол хангаад буй 14 начинтай танилцая. Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булган хан” дэвжээний бөх Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл, Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх Бэгзийн Мижидсүрэн, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх Одхүүгийн Цэцэнцэнгэл, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Навааны Хүрэлсүх, Булган аймгийн Могод сумын харьяат, “Эрч” спорт хороо, “Булганхангай” дэвжээний бөх Эрдэнэбилэгийн Энх-Амгалан, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Бямбадоржийн Түвшинтөгс, Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булган хан” дэвжээний бөх Энхбатын Сумъяабат, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Очирбатын Түмэн, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх Эрдэнэбатын Нямаа, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Батдоржийн Сосорбарам, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Хүрэлбаатарын Оргилболд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Хангарьд” клуб, “Их Богд” дэвжээний бөх Өлзийсайханы Батзул, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Батжаргалын Лхагвадорж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хонгор нутаг” дэвжээний бөх Энхтүвшингийн Батмагнай нар Ардын хувьсгалын 100, 101 жилээр тав давж, улсын цолонд хүрээд байгаа билээ.

Харин төрийнхөө наадамд зургаа даван Улсын харцага цол хүртээд буй дөрвөн бөхийн тухай мэдээллийг дэлгэрэнгүй хүргэе. Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Цэдэнсодномын Бямба-Отгон, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат. “Хилчин” спорт хороо, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх Ганцогтын Бадрах,Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Завхан” дэвжээний бөх Лхагваагийн Лха-Очир нар Улсын харцага цолтон болоод байгаа юм. Тэгвэл Монгол Улсын заан цолны болзлыг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Сүлд спорт хороо, “Бес богда бүргэд” дэвжээний бөх Бердимуратын Серик, Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилчин спорт хороо, “Даян” дэвжээний бөх Мөнхтөрийн Лхагвагэрэл, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Баярхүүгийн Бат-Өлзий нар хангасан билээ. Мөн үзүүр түрүүнд үлдсэн О.Хангай аварга, Б.Орхонбаяр арслан нарын хувьд ч гэсэн санаа амрах болоогүй.

Учир нь, дээрх бөхчүүдийн допингийн шинжилгээнийх нь хариу хэрхэн гарахаас цолтойгоо үлдэх үү, эсвэл хураалгах уу гэдэг нь шийдэгдэнэ. Хэрвээ тэдний хэн нэгнээс нь л допинг илрэх юм бол унаж, давсан бөхчүүдийн цол, чимэгт өөрчлөлт орохоор байгаа юм.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БЕК(192.82.80.56) 2022 оны 08 сарын 18

Заан Серик их хурдтай гүйгээд байсан даа. Сэжигтэй хахаха

0  |  0
Зангараг(202.126.89.140) 2022 оны 08 сарын 17

Допингийг эсэргүүцдэг Хангай аваргаас допинг илрэхгүй үүнийг баттай хэлчихье.

0  |  0
zochin(98.215.126.149) 2022 оны 08 сарын 17

solongosiin dopingiin LAB iig manaihan heseg garuud bazchihsan yum bilee. Munguu huvaaj tsihino. Munguu tulsun bol yamarch baagiig sufalaad tsever bolgoj chadna.Munguu tuluugui esvel erh ashigt n harshlahaar humuysiig bol ter chigeer n gulguuldag yum genelee shuu kk

0  |  0
zochin(98.215.126.149) 2022 оны 08 сарын 17

Solongosiin dopingiin tuviig manaihan nairaandaa oruulaad 10 jil ungurch bna.Ted munguu tuksun bol argalchihdag yum geseen. Zarim aimagiin nutagiin zuvlul , tomhon kompaniin ezed sain medej baigaa.

0  |  0
Зочин(64.119.21.188) 2022 оны 08 сарын 17

Дарчихгуй л бол нэлээн хэдэн бехеес допинг илрэх магадлалтай, допинг илрэхгуй бол харин сонин юм болно шуу

0  |  0
зочин(124.158.65.119) 2022 оны 08 сарын 17

Допингийн шинжилгээнд жилд 3сая ам.доллар Солонгос улсын 3 лабораторт төлдөг.Олон улсын итгэмжлэгдсэн лаборатори гэдэгөргөмжлөлтэй Энэ өргөмжлөлийг Солонгос улс өөрөө өгдөг юм байна.Одоо бүх юм бизнес болчихсон итгэхэд бэрх.Гэхдээ Монгол өөрсдийн санаачлагаар гадаад орнуудад валютаа өгч иргэдээ хохироодог 1996 он хүртэл Орос,СолонгосГерман улсруу визгүй зорчдог байсныг П.Жасрай,Чойнхор хоёр доллар төлж виз авдаг болгосон асар олон хүн Оросруу Солонгосруу явахдаа визний төлбөрт 28-80 доллар төлөөд хил дээрээс буцдаг тохиолдол олон гардаг болсон.Мөнгөө буцааж өгөхгүй.Яагаад иргэдээ хохироох бод

0  |  0
зочин(124.158.65.119) 2022 оны 08 сарын 17

Допингийн шинжилгээнд жилд 3сая ам.доллар Солонгос улсын 3 лабораторт төлдөг.Олон улсын итгэмжлэгдсэн лаборатори гэдэгөргөмжлөлтэй Энэ өргөмжлөлийг Солонгос улс өөрөө өгдөг юм байна.Одоо бүх юм бизнес болчихсон итгэхэд бэрх.Гэхдээ Монгол өөрсдийн санаачлагаар гадаад орнуудад валютаа өгч иргэдээ хохироодог 1996 он хүртэл Орос,СолонгосГерман улсруу визгүй зорчдог байсныг П.Жасрай,Чойнхор хоёр доллар төлж виз авдаг болгосон асар олон хүн Оросруу Солонгосруу явахдаа визний төлбөрт 28-80 доллар төлөөд хил дээрээс буцдаг тохиолдол олон гардаг болсон.Мөнгөө буцааж өгөхгүй.Яагаад иргэдээ хохироох бод

1  |  0
Top