Л.Энх-Амгалан: 15 сургууль, 20-иод цэцэрлэгт л хамран сургах тойргийн асуудал ярьж байгаа

2022 оны 08 сарын 18

Засгийн газрын хуралдаан өчигдөр /2022.08.17/ болсон. Хуралдааны дараа БШУ-ны сайд сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэж байна. 


-Нэгдүгээр ангид орох хүүхдүүдийн бүртгэлийг хэзээнээс хийх вэ?

-Энэ долоо хоногоос сургуулиудын бүртгэл эхэлнэ. Гол хэдэн сургууль байгаа. Хамран сургах тойргоороо сургадаггүй, 1, 23, 18 зэрэг сургуулиуд дээр бүртгэлийг нь ил тод хийх гэж байгаа. Ингэснээр яг өөрийн хамран сургах тойрогтоо хамрагдаж чадсан эсэхийг иргэд хянах боломжтой болно.

-Их, дээд сургуулиуд төлбөрөө нэмсэн гэсэн мэдээлэл бий. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Засгийн газрын хуралдаан дээр үнийн өсөлтийн талаарх мэдээллийг холбогдох сайд нар хийсэн. Боловсрол, шинжлэх ухааны сайдын хувьд төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөрийг аль болох нэмэхгүй байх гэсэн байр суурийг илэрхийлсэн. Яагаад гэхээр сургалтын зардлууд өрхийн зардлын гол хэсэг, инфляцын гол нэгж байдаг учраас аль болохоор нэмэхгүй байх зохицуулалтыг салбар яам ажиллаж байгаа.

-Тойргийн бус хүүхдүүдийг авахгүй гэж байгаа. Гэтэл түрээсийн байранд байдаг, түр оршин суудаг хүмүүс гэрийнхээ ойролцоо сургуульд явах эрх зөрчигдөж байна гэж эцэг эхчүүд хэлж байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Бүх сургуулийг бид хамран сургах тойрог гэж зарлахгүй. Жинхэнэ авлигал авч хүүхдүүд оруулдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг дээр дурдсан сургуулиудын бүртгэлийг л цахим болгоно. Улаанбаатарын хэмжээнд 15 сургууль, 20-иод цэцэрлэгт л хамран сургах тойргийн асуудлыг ярьж байгаа.

-Бүх шатны боловсролын байгууллагын хичээл есдүгээр сарын 1-нд эхлэх үү?

-Их, дээд сургууль, МСҮТ-ийн хичээлийг долоо хоногийн өмнө эхлүүлж байгаа. Ерөнхий боловролын сургуулийн хичээл Боловсролын тухай хуулиараа есдүгээр сарын 1-нд эхлэх зохицуулалттай. Гэхдээ түгжрэлийн ачаалал өндөр байгаа нийслэлийн 20 орчим сургууль дээр хичээл эхлэх цагт 15-30 минутын өөрчлөлт оруулна. Учир нь түгжрэлийн 30 хувь нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэхээс үүддэг юм билээ. Мөн энэ жил 80 орчим сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орж байгаа.  

-Цэцэрлэгийн хүртээмж дүүргүүдэд хэр байгаа вэ?

-Цэцэрлэггүй дүүрэг, хороо гэж байхгүй болсон. Энэ жилийн хувьд Сүхбаатар, Чингэлтэй, Багануур, Багахангай дүүргүүдэд нэг ч хүүхэд цэцэрлэггүй үлдэхгүй. Харин Сонгинхайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүрэг дээр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Ирэх арваннэгдүгээр сарын 1 гэхэд бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар төлөвлөж байгаа.

Т.Дархан

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (66.181.191.178) 2022 оны 08 сарын 18

Арван жилийн сургуулиудад чөлөөт хувцас өмсүүлээчээ.

0  |  0
Top