Хаягийн зөрчилтэй бол хүүхэд нь сургуульд бүртгүүлэх боломжгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 23

Жил бүрийн намрын өдийд зургаан настай хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн толгойны өвчин болдог нь хүүхдээ сургуульд оруулах ажил байдаг билээ. Сургуулийн элсэлт, анги танхимын хүрэлцээ, засвар үйлчилгээ, дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл, ном дэвтэр гээд асуудал ундардаг. Жил ирэх бүр шинээр сургууль цэцэрлэгт элсэчдийн тоо нэмэгдсээр. 

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 78 мянган хүүхэд элсэн суралцаж байгаа бол нийслэлийн хэмжээнд 40 мянган хүүхэд элсэх ажээ. Нийслэлийн иргэдийн хувьд тулгардаг нэг асуудал бол хүүхдээ хүссэн сургуульд нь суралцуулах явдал юм. Үүнтэй холбогдуулж эцэг эхчүүдийн санал гомдол, албаны хүмүүсийн байр суурийг тодруулж дараах сурвалжилгыг бэлтгэлээ.


 

ХҮҮХДЭЭ СУРГУУЬД ХАМРУУЛАХЫН ТУЛД ХУУРАМЧААР ГЭРЛЭЛТ БҮРТГҮҮЛЭХ, ХУДАЛ ХАЯГ ДЭЭР МӨНГӨ ТӨЛӨХ ТОХИОДОЛ ГАРЧ БАЙНА ГЭВ

 

Энэ жилийн тухайд нийслэлийн хэмжээнд Баянзүрх дүүрэгт 10.204, Сонгинохайрхан дүүрэгт 8344, Баянгол дүүрэгт 6513, Чингэлтэй дүүрэгт 3351, Хан-Уул дүүрэгт 6571 зургаан настнууд сурагч болохоор зэхэж буй. Сурагчийн шинэхэн дүрэмт хувцас, цүнх, дэвтэрээ дааж ядан аав, ээжийнхээ гараас хөтлөх бяцхан жаалууд есдүгээр сарын 1-ний өдөр баяр хөөртэй сургуульдаа явна.

Сургуулийн хонх жингэнэх дуутай сүлэлдэх хүүхдүүдийн инээдний цаана ээж аавуудын уйгагүй хөдөлмөр, хайр шингэсэн сэтгэл гэрэлтдэг. Хүүхдээ сурагч болгоно гэдэг тэдний хувьд авхаалж самбаа, танил тал, арга заль, боломж бололцоо шаардсан нүсэр ажил болоод байгаа гэхэд ч хилсдэхгүй. Хүүхдээ сургуульд бүртгүүлэхээс эхлээд бөөн асуудлууд хөвөрдөг.

Нэгдүгээр ангийн буюу зургаан настнуудын бүртгэлийг E-Mongolia академитай хамтран улсын хэмжээнд цахимаар зохион байгуулаад энэ сарын 25-ны өдөр хүртэл бүртгэл үргэлжилж байгаа. Зургаан настай хүүхдүүдийн урьдчилсан хуваарилалт сургууль бүрд хийгдсэн бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид энэ сарын 25-ны өдрийг хүртэл “И Монголиа” цахим системээр нэвтэрч баталгаажуулах юм. Энэ жил өмнөх жилийнхтэй харьцуулбал нэгдүгээр ангид орох хүүхдийн тоо 40 орчим мянгаар нэмэгдсэн. Үүний 20 орчим мянган нь Улаанбаатарт бий гэсэн судалгаа ч гарчээ.

Хэрэв иргэд хаягийн зөрчилтэй байгаа бол элсэлтийн комисстой биечлэн ирж уулзах шаардлагатай юм байна. Учир нь ахынхаа хаяг дээр бүртгүүлээд, өөр газраас хүүхдээ зөөдөг, хуурамчаар гэрлэлт бүртгүүлэх, үнэ мөнгө тохирч өөрийн хаяг дээр хүн нэмдэг тохиолдол иргэдийн зүгээс их гарах болжээ. Хотын А зэрэглэлийн бүсэд үйлчилгээ эрхэлдэг иргэд тухайн хаяг дээрээ амьдардаг мэтээр хүүхдээ бүртгүүлж хүндрэл үүсгэдэг талаар ч мэргэжилтнүүд онцолж байв. Ийм асуудлыг түр түдгэлзүүлж, хаягийн зөрчилтэй гэж үзэж байгаа учир бүртгэл сунжирдаг аж.

Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир “Тойргийн бус хүүхэд ихтэй 17 сургууль байна. Эдгээр сургуульд хүүхэд бүртгүүлэхдээ хууль бус аргаар дарамт үзүүлээд байвал багш, удирдлагуудаа хамгаалж ажиллана. Харьяалал биш ч хотын төвийн сургуульд хүүхдээ бүртгүүлэхийн тулд янз бүрийн асуудал гардаг. Тухайлбал худал гэрлэлт бүртгүүлэх, айлын үл хөдлөхийн гэрчилгээнд мөнгө өгөн нэрээ бичүүлэх зэрэг тохиолдол ч гарсан. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд ажиллаж байгаа.

Өнөөдрийн байдлаар мэдээллийн зөрчилгүй 45 мянган хүүхэд хамран сургах тойргийн дагуу сургуульд хуваарилагдсан. Харин 31 мянган хүүхдийнх хянагдаж байгаа. Түр түдгэлзүүлсэн 3138, бүртгэхээс татгалзсан 49 хүүхэд байна” хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл эцэг, эхчүүдийн зүгээс цахимаар бүртгэл хийхэд “систем нь гацаад  байна” гэсэн гомдол гаргаж байна. Үүнийг мэргэжилтнүүд ачаалал ихэссэнтэй холбоотойгоор систем түр гацсан гэж тайлбарлаж байв. Мөн “Бүртгэлийн шугам нээсэн өглөө 08.00-12.00 цагийн хооронд нэг дор олон хандалт хийсэнтэй холбоотойгоор систем түр хүлээгддэг. Бүртгэл хангалттай хугацаагаар буюу 10-14 хоногийн хугацаанд явагдана. Хамгийн эхэнд эсвэл сүүлд бүртгүүлсэн гэдгээс үл хамааран хамран сургах тойрогт хуваарилалт хийж байгаа учраас эхэнд бүртгүүлсэн нь давуу байдал эдэлнэ гэсэн ойлголт байхгүй. Тиймээс яарч, сандрах шаардлагагүй” гэж мэдээллээ.

 

 

БАЙРНЫ ОРДЕР НЬ ГАРААГҮЙН УЛМААС ХҮҮХДЭЭ ХАРЬЯА СУРГУУЛЬД НЬ БҮРТГҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

 

Тэгвэл зарим эцэг эхчүүдийн зүгээс шинээр ашиглалтад орсон байрандаа нүүж ирээд удаагүй байгаа учир тухайн оршин суугаа газрынхаа харьяа сургуульд бүртгүүлж чадахгүй байна гэсэн гомдол хэлж байлаа.

Жишээ нь, нэгэн ээж “Манайх зургаадугаар сард ашиглалтанд орсон байранд нүүж ирсэн юм. Байрны ордер гараагүй учир хороо нь албан ёсоор бүртгэж аваагүй. Ингээд хүүхдээ сургуульд нь хамруулж чадахгүй байна. Хуучин хаягаараа сургуульд нь оруул гээд байна, яах вэ” гэсэн бол нэгэн аав “Манайх ахындаа үндсэн оршин суугчаар амьдраад гурван сар болж байгаа. Гэтэл хүүхдээ шилжүүлэхийн тулд хуурамчаар шилжлээ гээд хардаад байх юм. Манай хүүхдийг бүртгэхээс түр түтгэлзүүлсэн гэж байна. Байрны ордер, иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, цээж зургийг сургуулийн эрхлэгчид нь үзүүлээд ч болов бүртгүүлж болдог болов уу. Ар өврийн хаалга хараад байдаг юм болов уу, яах ёстой юм бол. Эсвэл хаяган дээрээ амьдарч байгааг тодорхойлохын тулд гэрт ирж шалгаж болно шүү дээ” гэж гомдоллож байв.

Тэгвэл өөр нэгэн ээж “Манайх уг нь энэ хаяг дээрээ байдаг юм. Гэтэл 93 дугаар сургууль манай хүүхдийг авахгүй гэнэ, ээжийнх нь нэр дээр байрны ордероо гаргаж харуул гэх юм” хэмээн аргаа барж сууна. Энэ мэт хүндрэл чирэгдэл учруулсан асуудлыг дээр дооргүй үнэн мөнийг нь шалгахаар комисс хүртэл гаргаад ажиллаж байгаа гэх. Гэтэл айл бүрийн хаалгыг тогшоод, авгай хүүхдийг нь нягталж шалгаад явах боломжгүй л баймаар. Түүний оронд сургуулийн хүртээмж, сурах бичгийн түгээлт, багшийн орон тоон дээрээ анхаарч ажиллавал илүү үр дүнтэй сэн.

Тухайлбал, Улсын хэмжээнд 2962 багшийн орон тоо дутагдалтай байна гэсэн албан ёсны статистик мэдээ гарсан. Үүний 1398 нь нийслэл хотод дутагдах талаарх тооцоо судалгаа ч бий.

Тэр дундаа бага ангийн багш бэлтгэх бодлого хөтөлбөрийг дэмжиж ажиллах, урамшуулах, цалин хөлсийг нь нэмэх шаардлагатай байгаа юм. Энэ жил нэгдүгээр ангид элсэгчдийн тоо бараг л 80 орчим мянгад хүрч буй тул зарим сургууль дээр гурван ээлжид шилжих магадлал үүсээд байгаа. Тухайлбал, нийслэлийн 41 дүгээр сургуульд хэт өндөр ачаалал үүсэхээр байгааг холбогдох албаныхан тооцоолж, хэрхэн зохицуулах талаар ажиллаж байгаа аж. Улаанбаатарын 20 сургуулийн дотоод зохион байгуулалт, бүлэг дүүргэлт, багшийн хүрэлцээ хангамж зэргийг тооцоолсноор дотоод нөөц бололцоонд нь тулгуурлан засвар тохижилтыг нь хийж, хичээллүүлэхээр болжээ. Гэвч энэ бол оройтож эхэлсэн ажил тул хурдан хуумгай л зүйл болоод өнгөрөх болов уу.

Эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан түрээсийн 19 байранд 9580 хүүхдийг шилжүүлж сургахаар болоод байгаа гэж ярьж байгаа нь ч цаг үеэсээ хоцорсон, хайнга хойрго хандсан хэрэг билээ. Тиймээс боловсролын байгууллага нэгдүгээр ангид элсэгчдийн тоо судалгаа нь нэгэнт гарсан, ачаалал нь нэмэгдэнэ гэдгийг эртхэн тооцоолж өнгөрөгч хавар, зун гэхэд бүх зүйлийг бэлдэж зүгшрүүлсэн байх ёстой баймаар сан. Сургуульдаа сэтгэл орохоор догдлон хүлээж яарч буй хүүхдүүдийн сэтгэл рүү “ус цацах” мэт шалтаг тоочсон, төвөгшөөсөн энэ мэт асуудлуудыг дараа жил яримааргүй байна.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэбулган (202.126.88.223) 2024 оны 11 сарын 11

74р сургуулиас 30р сургууль руу шилжиж болох уу

0  |  0
Top