Монголын оюун ухааны академиас санаачлан “Оюуны наадам 2022” нэгдсэн тэмцээнийг энэ сарын 15-18-нд Удирдлагын академид зохион явуулсан юм. Үүнд Улаанбаатар хот болон орон нутгийн 3000 гаруй тамирчнаас бага, өсвөр, насанд хүрэгчдийн гэсэн гурван ангилалд 600 гаруй нь өрсөлдөхөөр шалгарчээ.
Өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан тэмцээнүүд тус тусдаа зохион байгуулагддаг байсан бол энэ удаад спорт өрөлт, ой тогтоолт, түргэн бодолт зэрэг үндсэн таван төрлийн тэмцээнийг нэг дор зохион байгуулсан юм.
Тус тэмцээнд оролцсоноор хүүхэд, залуус маань өөрсдийн шинэ хобби болон цааш цаашдын тэмцээн уралдаанд өөрсдийн ур чадвараа ахиулах зэрэг олон ач холбогдолтой. Тус наадамд спорт өрөлтийн төрөлд оролцож мөнгөн медалийн эзэн болсон бяцхан Т.Алдартай ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.
-Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Хаана сурдаг, хэдэн настай вэ?
-Намайг Тулгын Алдар гэдэг. Би долоон настай. “Язгуур” бага сургуульд суралцдаг. Одоо хоёрдугаар ангид орно. Аав ээж, эгч, Амар ах бас дүрсгүй бяцхан дүүтэйгээ амьдардаг.
-“Оюуны наадам 2022” тэмцээнд ямар төрлөөр оролцсон бэ?
-Спорт өрөлтийн ганцаарчилсан, хосын, багийн төрлөөр оролцсон. Багийн өрөлтөөр мөнгөн медаль авсан. Сэтгэгдэл гоё байна. Нэг баг дөрвөн хүнтэй оролцсон. Манай баг 23 секундэд хураасан. Багт маань Итгэл, Ариунхишиг, Амгаланжаргал гэдэг хүүхдүүд байсан. Найзууд маань байхгүй байсан бол энэ медалийг авч чадахгүй байсан. Найзууддаа баярлалаа.
-Өмнө нь тэмцээн уралдаануудад оролцож байсан уу?
-Спорт өрөлтийн дэлхийн аваргын тэмцээнд цар тахлын үед цахимаар оролцож байсан. 27 улсын 611 тамирчинтай өрсөлдөж тусгай байрын шагналын эзэн болсон. Мөн энэ жилийн улсын баяр наадмаар сур харваанд оролцож мөнгөн медаль авсан. Сургуулийнхаа тэмцээнээс бас мөнгөн медаль авсан. Ингээд би гурван ширхэг мөнгөн медальтай болсон. Надад мөнгөн медалиас өөр медаль ирэхгүй юм аа. Би дараагийн тэмцээндээ спорт өрөлт бас ки мастерт орно гэж бодож байгаа.
-Спорт өрөлтийг анх яаж сурсан бэ?
-“Ивээлийн найзууд” цэцэрлэгт таван настай байхдаа сурч байсан. Спорт өрөлт, шоо, ой тогтоолт гээд олон сонирхолтой хичээл ордог. Би анх яаж хийдэг юм бол, их сонирхолтой юм аа гэж бодсон. Анх сурч байхдаа их удаан байсан, бэлтгэл хийсээр байгаад хурдан болсон. Эрдэнэчулуун, Эрдэнэмандах багш нар маань надад зааж сургасан. Багш нартаа баярлалаа, хайртай шүү.
-Тэмцээнд орохынхоо өмнө өөрийгөө хэрхэн бэлтгэдэг вэ?
-Сайтар төвлөрдөг. Бас гүнзгий амьсгаа авдаг. Ингэх нь тайвшруулахад тусалдаг.
-Өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Өглөө босоод цайгаа уугаад бэлтгэлээ хийдэг. Тэгээд бага зэрэг амраад дахиад л бэлтгэлээ үргэлжлүүлж хийдэг. Орой дүүгээ харж ээждээ туслаад 21 цаг 30 минут гээд унтдаг даа. Өчигдөр гэхдээ баяраа тэмдэглээд 23 цагт унтсан. Зуныхаа амралтаараа бэлтгэлээ өдөр бүр хийж чадаагүй болохоор спорт өрөлтийн ганцаарчилсан төрөлд медаль авч чадаагүй юм л даа.
-Гэр бүлдээ спорт өрөлтөө зааж өгсөн үү?
-Би аав, ээжийгээ тэмцээнд оруулсан. Аав маань гар бөмбөгөөр, ээж маань харин спорт өрөлтийн тэмцээнд оролцож хоёулаа алтан медаль авсан. Тэгээд манай ангийнхан шилжин явах цомыг авсан. Ээж маань спорт өрөлт хийж чаддаггүй байсан.
Би ээждээ зааж өгөхөд 35 секундэд хураадаг байсан бол одоо 18 секундэд хураадаг болсон. Бид хоёр одоо өрсөлддөг болсон.
-Цаашдаа ямар амжилтыг гаргана гэж бодож байна вэ?
-Дэлхийн хамгийн хурдан спортын өрөлт хийдэг хүн шиг болно. Тэр хүн дөрвөн секундэд хураадаг. Яг л “аянга” шиг.
-Оюуны спортоор хичээллэх гэж буй найзууддаа юу гэж хэлэх вэ?
-Найзууд аа. Миний ой тогтоолт сайжирсан. Бас маш сайн төвлөрдөг болсон. Маш гоё зугаатай, яг л тоглоом тоглож байгаа юм шиг байдаг. Тиймээс найзууд минь ч гэсэн хичээллэж эхлээрэй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )