Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал өнөөдөр /2022.08.22/ шатахуун, түлшний үнийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор манай улсад дизель болон АИ-95 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр буурч байна.
Дэлхийн зах зээл дээр сүүлийн хоёр жилийн хугацаанд түүхий газрын тосны үнэ сар бүр дараалан өсөж байсан бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашралтай холбоотойгоор, тэр дундаа БНХАУ, хамгийн том эрдэс баялгийн бүтээгдэхүүний худалдан авагч, борлуулагчийн хувьд эдийн засгийн эдийн засгийн удаашралтай холбоотойгоор түүх газрын тосны үнэ уналттай ажиглагдсан. Түүхэн үедээ 135 ам.доллар хүрч байсан бол өчигдрийн байдлаар нэг баррель нь 96 ам.доллар болсон.
Харин өргөн хэрэглээний АИ-92 бензиний хувьд ОХУ-ын Роснефть компанитай хийсэн хэлцлийн дагуу он дуустал нэг тонн нь 830 ам.доллараар авах хэлцлийн хүрээнд өнөөдрийн 2390 гэсэн үнэ өөрчлөгдөхгүй, тогтвортой байх хүлээлттэй байгаа.
Дэлхийн эдийн засгийн эрэлтийн өсөлтийн сааралттай холбоотойгоор газрын тосны үнэ 100 ам.доллараас доогуур хэлбэлзэж байна. Цаашид энэ чигээрээ байвал ирэх есдүгээр сарын түлшний үнэ одоогийн буурсан үнээс дахин буурна гэсэн хүлээлт байна. Хэдэн төгрөгөөр буурах нь тухайн үеийн зах зээлийн үнэ хэдээр буухаас шалтгаална.
Түүнчлэн намрын ургац хураалтын үед дизель түлшний үнэ буурч байгаа нь сайшаалтай хэрэг. Энэ намар ургац хураалтад ХХААХҮЯ-аас 10 мянга орчим тонн дизель түлш шаардлагатай гэсэн мэдээлэл өгсөн. Тэгэхээр энэ 10 мянган тонн дизелийн үнэ дээр бид хавар ургац хураахад тариалахад байсан үнэ дээр өсөлтгүйгээр тогтворжуулах арга хэмжээг авах Засгийн газрын тогтоол гарсан. Тэгэхээр энэ үнийн бууралт эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна" гэв.
Сэтгэгдэл ( 0 )