Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

2022 оны 08 сарын 23

Европын Холбоо Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэгийн хугацааг сунгах Санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Европын холбоо Монгол Улсын хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тогтолцоог хөгжүүлж, урт хугацаандаа зохистой хөдөлмөр эрхлэлтийг төлөвшүүлэх зорилгоор 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж хэлбэрээр олгохоор болсон. Буцалтгүй тусламжийн хүрээнд олгох төсвийн дэмжлэгийг Монгол Улсын Засгийн газар хүлээн авахын тулд Санхүүжилтийн хэлэлцээрт тусгагдсан 7 шалгуур үзүүлэлт бүхий хүрэх түвшинг жил бүр бүрэн хангаж ажиллах ёстой. Гэвч дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын нөлөө, бусад хүчин зүйлүүд Монгол Улсын эдийн засаг, нийгэмд сөргөөр тусч зарим шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангахад хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өнгөрсөн онд төсвийн дэмжлэгийн зарим шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт оруулах тухай саналыг Европын холбоонд хандан тавьсныг хүлээн авч Санхүүжилтийн хэлэлцээрт өөрчлөлт оруулж гэрээг нэг жилээр сунгахаар боллоо.

Хэлэлцээрийн ширээнд Сангийн сайд Б.Жавхлан, Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никейз нар гэрээг үзэглэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар байлцлаа.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Халамжаас хөдөлмөрт” бодлогын зорилтыг дэвшүүлж, зарим тодорхой арга хэмжээг авч ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч эхэлж байгаа ч цаашдаа хууль эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгон хөгжүүлж, хүн амын хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг сайжруулахад илүү анхаарч, шинэчлэл, өөрчлөлтийг хийж ажиллах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэхүү тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, хэрэгжилтийг хангахад Европын холбооны санхүүжилттэй энэхүү төсвийн дэмжлэг болон техникийн туслалцаа чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглээд төсвийн дэмжлэгийн шалгуур үзүүлэлтийг бүрэн хангахын төлөө хичээн ажиллах болно гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top