Шатахууны үнэ буурч байгаа бол...

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 25

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурахад дагаж буурах ёстой гэсэн байр суурин дээр хатуу зогсоно” гэдгээ цахим хуудсаараа мэдэгдлээ. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдэхэд импортлогчид тэр хэмжээгээр үнэ өсгөж буй учир дизель, АИ-98, АИ-95, АИ-80 шатахууны үнэ жигд нэгэн зэрэг нэмэгдэж байсан бол энэ сард дэлхийн зах зээлийн үнээс зах зээлийн үнээс 35.3 хувиар хөнгөлөн нийлүүлж байгаа аж.

Зах зээлийн нийгэмд бензин шатахууны үнэ өсөнгүүт бүх л бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг жишиг тогтчихсон.

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулж эцэг эхчүүд хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлдэхээр хэрдээ ч чармайж байдгаа барьж байгаа. Гэвч ноднин зарцуулж байсан зардал хоёр дахин нэмэгдсэн тухай толгой сэгсэрч байна. Энэ бол туйлын үнэн. Хүүхдийн дүрэмт хувцас, дэвтэр ном, гутал хувцас бүгд 30-50 хувь нэмэгдэж алаг үрээ бусдаас дутаахгүйн тулд авахаас өөр сонголтгүй болж байна. Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ ч ялгаагүй өдөр бүр өссөөр л.

Гэвч шатахууны үнээ дагаад буухгүй тогтмол шатаар өгссөөр байгаа үнийн хөөрөгдлийг хэрхэн зохицуулж байгаа вэ ШӨХТГ-ын дарга аа. Ирэх сараас дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ дахин буух төлөвтэй гэж та хэлж байна. Тиймээс дийлдэхээ байсан бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд анхаарал хандуулж иргэдийн нуруун дээрх ачааг жаахан хөнгөлөхийг хүсэж байна.

Иргэд баян цатгаландаа дуугүй хүлцээд яваад байгаа юм биш ээ. Нэрэлхүү монгол зангаар нэг удаа юм чинь гээд л хүүхдүүдээ хөтлөн халаасаа тэмтэрч зах дэлгүүрээр нэг "гэлдэрч" явна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top