Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэл дуусчээ. Ердөө 14-хөн хоног буюу энэ сарын 10-нд эхэлж, 24-ний өдрийг хүртэл үргэлжилсэн байгаа юм. Энэ хугацаанд 111.595 хүүхдийн хүсэлтийг хүлээж авч зохицуулалт хийжээ.
Тодруулбал, 48414 хүүхэд өмнөх цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцахаар, 48200 нь өөрийн оршин суугаа хаягийн дагуу, 8003 хүүхэд тухайн хаягтаа өөр цэцэрлэгт хамрагдахаар хүсэлтүүдээ илгээжээ.
E-Mongolia системээр хүсэлтээ илгээсэн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчийн гар утсанд хүүхэд нь аль цэцэрлэгт хуваарилагдсан болон гэрээ байгуулах талаар мэдээллийг явуулж эхэлснээр ямартай ч цэцэрлэггүй үлдсэн гэх хэл ам, хэрүүл тэмцэл гарсангүй. Харин ч “Ингээд байвал хэн бухимдах вэ дээ. Харин ч хурдан шуурхай шийдчихлээ” хэмээн эцэг, эхчүүд байр сууриа илэрхийлжээ.
Ерөнхийдөө эцэг эхчүүдийн сэтгэл ханамж 90 хувьтай байгааг сошиал давалгаанаас харж болохоор. Ийнхүү Монгол Улс сугалаа гэх зүйлээр аз сорьж, алдрай үсрээ ялгаварлаж байсан үе ард хоцорлоо.
Харин иргэдийн цөөхөн хэсэг нь нэг айлын хүүхдүүдийг хоёр өөр цэцэрлэгт хуваарилсан тухай гомдлоо илэрхийлж буй. Үүнийг тухайн өрх хүүхдээ аль цэцэрлэгт нь хамруулах хүсэлтэй байгаагаар нэг тийш болгож шийдэж болно гэдгийг БСШУ-ны яамнаас зохицуулснаар мөн л дорхноо шийдлээ олжээ. Энэ жил хүн ам олонтой, тэр хэрээр цэцэрлэг хүрэлцдэггүй БЗД, СХД-т шалны халаалт бүхий гэр цэцэрлэгүүдийг нэмж байгуулснаар асуудлыг шийдвэрлэсэн хэмээн салбарын яамнаас мэдээлж байгаа юм.
Гэхдээ цэцэрлэгийн бүртгэл гурван үе шаттай явагдана. Хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 10-наас эхлэх юм байна. Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлж амжаагүй эцэг эхчүүдэд боломж нээлттэй байна шүү, битгий бухимдаарай.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )