Багш нараа соёлжуулъя

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 01

Ахлах ангид байхдаа хоёр охин багахан асуудлаас болж багш нарын хурлаар орж л дээ. Тэгсэн чинь багш нар “Энэ бол угаасаа зураач болох хүүхэд. Харин чиний шүлэг бичдэг гэж ямар юм байсан юм” гэж загнаж.

Одоо харин тэр хоёрын нэг нь зураач, нөгөө нь зүгээр л өмнөх ажлаа хийсэн нэгэн болж. Хэрэв тухайн үед нь багш нар нь тэгж загнаагүй бол, үгүй ядахдаа “Шүлэг бичдэг хүүхэд байж...” гэж загнасан бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм. Яг л үүн шиг олон, олон хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг багш нар нь унтрааж байдаг.

Мэдээж хүүхдийн хүсэл мөрөөдлийг өрдөн асааж, улс орон дэлхий нийтэд нэрээ цуурайтуулсан мундаг хүмүүс болоход нь тусалсан багш нар муугаасаа олон нь гарцаагүй. Гэлээ гээд муу нь цөөхөн юм даа гэсэн байдлаар асуудалд хандах нь маш хорлонтой. Сүүлийн 30 жил манай боловсролын салбар олон янзын сорилт, хөтөлбөрийг туулж, заримыг нь суурьшуулахаар оролдож ирсэн.

Салбарын сайд нь “30 жил бугшсан идээ бээрийг хагална” хэмээн ярьж байна лээ. Идээ бээрийг хагалж, цэвэрлэх нь мэдээж сайн. Гэсэн хэдий ч жижиг юм шиг хэрнээ том асуудал дагуулдаг зүйлс зөндөө бий. Хүүхдүүдийг ялгаварлан гадуурхах, нууцыг нь анги хамт олонд нь дэлгэх зэрэг байдаг л зүйл шиг болтлоо ужгирсан зүйлүүд байсаар байна.

Багш нараа гоочилдог, муулдаг боллоо хэмээн өмөөрөх хүмүүс байдаг. Гэтэл хүний амьдралд эцэг, эхээс нь илүүтэй үүрэг гүйцэтгэж, ирээдүйд хэн болохыг нь шийдэж байдаг учраас л багш нар хамгийн хариуцлагатай, хүүхдийг гэсэн сэтгэлтэй, тэднийг сонсдог, дэмждэг байх шаардлагатай билээ. Тиймээс боловсролын салбараа сайн сайхан болгохын тулд багш нараа соёлжуулах, хүний эрхийн мэдлэг, мэдрэмжтэй болгох нь хамгаас чухал байна.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ах(192.82.82.76) 2022 оны 09 сарын 01

багш нар үнэхээр бүдүүлэг болсон гэгээрэх хэргтэй

1  |  0
Зочин(64.119.19.50) 2022 оны 09 сарын 01

Багш нар өөрсдөө эхлээд гэгээрэх хэрэгтэй уг нь багш хүн гэдэг шигшиж тунгаасан шижир цэвэр Алт шиг л баймаар харамсалтай нь тийм болж чадахгүй байсаар л

1  |  0
ЗОЧИН(103.26.194.133) 2022 оны 09 сарын 01

хүүхдийн аявьяасыг уг нь багш нь илрүүлэх үүрэгтэй ш дээ. зүгээр л загнаад толгойг нь цохиод тархийг нь хөдөлгөх заримдаа эрэгтэй хүүхдийг бөгс рүү нь өшиглөнө.

0  |  0
Top