Дэлхийн Банкны БНХАУ, Монгол Улс, БНСУ-ыг хариуцсан захирлаар наймдугаар сарын 1-нээс эхлэн Мара Уорвик ажиллаж эхлээд байна. Мара Уорвик нь Бээжин хотоос суурин ажиллаж буй бөгөөд БНХАУ-тай явуулах шинэ үеийн түншлэлийн харилцаа, Монгол Улсыг дэмжих хөтөлбөрийн тэлэлт, БНСУ-тай хийх инновац, технологид чиглэсэн эрчимжиж буй мэдлэгийн түншлэлийг удирдан ажиллах багийг ахалж буй юм.
Тэрбээр Танзани, Малави, Замби болон Зимбабве улсыг хариуцсан захирлаар ажиллаж байсан. 2012-2016 онд Хятад, Монгол болон Солонгос улсуудад төсөл хөтөлбөр болон үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байжээ.
Уорвик "Би Хятад, Монгол болон Солонгос улсад эргэн ажиллах болсондоо их баяртай байна. 1990-ээд оноос хойш олон жилийн турш энэ бүс нутгийн үсрэнгүй хөгжлийг би өөрийн биеэр харсан. Өнөөгийн хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэх, мэдлэгийн солилцоог бэхжүүлэхийн тулд Дэлхийн Банкны нэн чухал түншүүд болох эдгээр гурван оронтой нягт хамтран ажиллах болно” гэжээ.
Тодотгоход, сүүлийн гучин жилийн хугацаанд Дэлхийн Банкнаас Монгол Улсад 1.4 тэрбум гаруй ам.долларын хөгжлийн санхүүжилт олгожээ. Дэлхийн Банкны Группын Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх шинэ түншлэлийн хүрээ баримт бичигт Дэлхийн Банкны зүгээс КОВИД-19 болон бусад шинэ хямралыг даван туулахад нь Монгол Улсад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тус улсад ажлын байр бий болгох, уур амьсгалд тэсвэрлэх чадварыг сайжруулах замаар илүү тогтвортой, хүртээмжтэй мөн бат бөх сэргэлтийг бий болгохын төлөө ажиллах талаар тусгажээ.
Сэтгэгдэл ( 1 )
УЛААНБААТАРТ ХООРОНДЫН зАЙ НЬ 5 АЛХАМ БИЕ БИЕНИЙХЭЭ ЦОНХЫГ ХААСАН МӨНХИЙН ХАРАНХУЙ БАЙШИН ХУВИЙН ӨМЧ БОЛОН СҮНДЭРЛЭЖ АРД ИРГЭДЭД ТЭНГЭРТ ТУЛСАН ИХ МӨНГӨӨР ЗАРАВ. БУСАД НЬ ХААЧСАНЫГ МЭДЭХГҮЙВАА.