Дэлхийн банкны төслөөс есөн компани 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайдын зөвлөх Я. Болд-Эрдэнэ, Америкийн Нэгдсэн Улсад суугаа Монгол ЭСЯ-ны Эдийн засгийн дарга Дэгд нар Дэлхийн Банкны Зүүн Ази, номхон далайн бүсийн Санхүү, өрсөлдөх чадвар, шинэчлэл хариуцсан менежер Сафер Мустафаолу, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах мэргэжилтэн Лианг Вон нартай уулзлаа.

 

Уулзалтын эхэнд ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан Экспортыг дэмжих төсөлд өөрчлөлт оруулах хүсэлтэй байгаагаа онцлов. Тухайлбал,  МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулж хэд хэдэн өөрчлөлт оруулах хүсэлтэй байгаагаа танилцуулсан юм.  



 

Мөн “Дэлхийн банкны экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөр төсөл хүлээж авч эхлэх талаар Хэвлэлийн бага хурал зохион байгуулсны дараа 1100 гаруй компани хүсэлт илгээснээс хоёр дахь шатанд 120 аж ахуй нэгж тэнцсэн. Сонгон шалгаруулах хорооны хурлаар 12 нэгж шалгарч 9 нь экспорт хийхэд бэлэн болоод байна. Энэхүү 9 компани нийт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан” тухай танилцууллаа. Түүнчлэн Монголын эдийн засгийг сайжруулахад шат дараатай авах арга хэмжээний талаар тодорхой баримтад тулгуурлан мэдээлэл өгөв.


        Дэлхийн банкны зүгээс  ЖДҮГ-т үнэлгээ хийх, бусад улс орнуудын туршлагыг хуваалцах тал дээр тусалж цаашид хамтарч  ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Дэлхийн банкны Ази номхон далайг хариуцсан төлөөлөгчид Монгол улсад 2022 оны есдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд ажиллах бөгөөд энэ үеэр дахин ярилцахаар боллоо.

Эх сурвалж: Жижиг дунд, үйлдвэрийн газар 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top