"Сургуулийн автобус" төслөөр 200 автобус орж ирэх байсан ч 25 болж буурчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

Сургууль, цэцэрлэг орж эхлэхтэй холбогдуулан замын түгжрэлийг бууруулах талаар ярьж эхэлдэг. Нийслэлийн хэмжээнд цөөнгүй сургууль өөрийн өмчлөлийн болон түрээсийн автобусаар сурагчдадаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Нийтдээ 102 сургуульд 245 хүүхдийн автобус үйлчилдэг. Эдгээр сургуульд нийт 80 гаруй мянган сурагч суралцдаг бөгөөд тэдний 10 гаруй хувь нь хүүхдийн автобусаар үйлчлүүлдэг гэсэн тооцоо гарчээ.

Сургуулийн бүсэд хүүхдэд аюулгүй орчныг бүрдүүлж, суралцагч гэр сургуулийн хооронд үнэ төлбөргүй зорчих ажлын хүрээнд нийслэлд “Сургуулийн автобус” төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд дөрөв дэх жилдээ сургуулийн автобус өчигдрөөс үйлчилж эхэллээ. Сургуулийн автобус явж эхэлсэнтэй холбоотой хүүхэд аюулгүй зорчих болон хүрээлцээ ямар байгаа талаар тодрууллаа.


 

Нийслэлийн 24 дүгээр сургуулийн ойр орчимд эргүүл хийж буй гурван хүн зогсож байв. Тэднээс сургуулийн автобус ирсэн талаар асуухад “Одоогоор лав ирээгүй байна. Энэ талаар мэдээлэлгүй байна” гэв.

Сургуулийн автобусны талаарх мэдээллийг нийслэлийн 24 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Л.Ууганцэцэгээс тодруулахад “Сургуулийн автобусаар зорчиж буй хүүхдүүдийг тэр чиглэлийнх нь хүүхэд зохицуулагчид хариуцдаг. Хүүхэд зохицуулагчид тухайн автобусаар зорчих хүүхдийн эцэг, эхээс мэдээлэл авч зөөдөг. Сургуулийн гадна ирсэн хүүхдүүдийг сургуулийн эргүүл нар хүлээн авч, багш нарт нь хүлээлгэж өгдөг” гэлээ. Тус сургуульд Батоник, Буянт-Ухаа, 7 буудал, 5 шар чиглэлийн автобус өглөө 06.40-07.00 цагийн хооронд ирж, 12.20-12.30 цагийн хооронд буцдаг байна. Мөн 11.00-11.20 цагийн хооронд дараагийн ээлж ирж, 16.00 цагаас буцдаг ажээ.

 

“Сургуулийн автобус” төслийн төсөвт мөнгө нь тусгагдаагүй байна

 

2019 онд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулгүй тээвэрлэх зорилгын хүрээнд “Сургуулийн автобус” төсөл хэрэгжиж эхэлсэн. Тус төслийн туршилтыг 2019 оны арваас арванхоёрдугаар сард хийж нийт 40 автобусаар 29 сургуулийн 115 мянган хүүхэд зорчсон статистик байдаг.

30 жилийн хугацаанд нийслэлээс анх удаа хүүхдэд зориулсан үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргасан нь энэ. Тухайн үед үр дүнгээ өгсөн учраас 2020 оны хичээлийн шинэ жилээс эхлэн 292 мянган хүүхдэд зориулан 200 сургуулийн автобусыг 23.5 тэрбум төгрөгөөр авч үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон. Тиймээс хэрэгжилтийг хангаж ажиллахаар нийслэлээс зарласан тендерт “Моннис моторс” ХХК өрсөлдөгчгүйгээр шалгарсан юм. Шалгаруулалтын дараа автобусаа татан авч, зургаан сарын дотор эхний татан авалт хийхээ амлаад байсан ч биелээгүй. Ийнхүү цар тахлын нөхцөл байдлыг далимдуулан хил гааль дээр гацалт үүссэн гэх ганцхан шалтгаанаар сургуулийн 200 автобусны тоо хоёр жилийн дотор 25 болж  буурсан байна. Нийслэлээс ирэх онд багтаж дахин 50 автобус татан авна гэв. Гэхдээ тэдгээр автобусыг хэрхэн авах нь одоогоор тодорхойгүй байна. Одоогоор тендер зарлаагүй, нийслэлийн төсөвт мөнгө нь тусгагдаагүй байгаа аж.

 

Холоос хичээлдээ явдаг ахлах ангийн хүүхдийг автобусанд зорчуулах бодлого баримтална гэв

 

Төвийн дүүргүүдийн тухайд түгжрэлд нөлөө бүхий сургуулийн сурагчдыг автобусаар зөөдөг. Ингэхдээ ойролцоо байршилтай сургуулийн сурагчдад хамтад нь үйлчилдэг онцлогтой. Жишээлбэл, 84, 21, 111 дүгээр сургууль, 23, 24 дүгээр сургууль, 5, 50 дугаар сургууль, 1, 45 дугаар сургуулийн сурагчдыг хамтад нь хүргэдэг ажээ. Автобусны маршрутыг Нийслэлийн (Нийтийн тээврийн газраас баталдаг бөгөөд нийтдээ 56 сургуулийг багтаасан 61 чиглэлийг гаргаад буй аж.

Нийслэлийн боловсролын газрын Аюулгүй байдал хяналт үнэлгээ, шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн) Д.Чинбаатар “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сургуулийн орчинд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчинг бүрдүүлэх, сурагчид гэр, сургууль хоёрын хооронд үнэ төлбөргүй зорчих сургуулийн автобус төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү төсөл анхандаа бага дунд ангийн хүүхдүүдэд үйлчилнэ гэж хэрэгжиж байсан. Гэвч хэрэгжих явцдаа үнэхээр холоос хичээлдээ явдаг ахлах ангийн хүүхдүүд ч зарим үед тухайн автобусаар зорчиж байсан. Үнэхээр холоос хичээлдээ явдаг ахлах ангийн хүүхдийг автобусанд зорчуулах талаас бодлогыг баримтлах болно. Энэ төсөл нь хүүхдэд чиглэгдсэн аюулгүй, ая тухтай тээврийн хэрэгслээр үйлчлэх мөн замын түгжрэлийг бууруулах зорилттой. Шинээр маршрут нэмэх болон чиглэл тогтоох зэрэг асуудлыг Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас төлөвлөлт болон зохион байгуулалтаа хийн шийдвэрлэж өгдөг. Манай байгууллагын зүгээс дээрх хүсэлт бүрийг уламжилдаг” гэв.

Нийтийн тээврийн газраас “2022-2023 оны хичээлийн шинэ жилд "Сургуулийн автобус” төслийн хүрээнд Ерөнхий боловсролын 22 сургуулийн 23 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч гурван аж ахуйн нэгж, байгууллагын 23 тээврийн хэрэгсэл сурагчдын автобусны үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна” хэмээн мэдээлэв.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нарангэрэл(66.181.160.22) 2022 оны 09 сарын 07

200 автобусны мөнгө нь яагаад тусгагдаагүй гэж тэгвэл дансаа ил болго ямар учиртай 25 болсон нь тодорхой байх хэрэгтэй

0  |  0
Top