АНУ сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн өндөр инфляцтай тулав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 06

Өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эхлэн улс орнуудын тулгамдсан асуудал болсон инфляцын эрчим энэ оны эхний хагас жилийн хугацаанд ч сорилт болж байна. Дэлхийн тэргүүлэгч эдийн засаг болох АНУ-ын инфляц сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшин буюу 9.1 хувьд хүрээд байна.

Эдийн засагчид, судлаачдын зүгээс АНУ-ын инфляцын өсөлтөд нөлөөлж буй үндсэн хүчин зүйлсийг дараах байдлаар тайлбарлаж буй юм. Тухайлбал, тус улсын эрх баригчид ковид цар тахлын эхэн үед өрхийн хэрэглээг дэмжсэн бодлого хэрэгжүүлж эхэлсний нөлөөгөөр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, эрэлт тогтвортой байсан. Харин өнгөрсөн 2021 оны хавраас вакцинжуулалтын нөлөөгөөр цар тахлаас хамаарсан хязгаарлалтуудыг зогсоож, нийгмийн амьдрал эргээд хэвэндээ орсноор зах зээлд нийлүүлэлтийг давсан эрэлт бий болжээ. Өнгөрсөн оны зун томоохон боомтуудад ажиллах хүчний хомсдол болон бусад хүчин зүйлээс болж нийлүүлэлтийн гинжин сүлжээнд доголдол гарсан бол энэ оны хоёрдугаар сараас Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн үүссэн нь эрчим хүчний түүхий эд,  хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн.

Түүнчлэн шингэрүүлсэн хийн үнэ өмнөх оны мөн үеэс  60 гаруй хувиар өссөн нь инфляц өсөхөд гол нөлөөлжээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ 10.4 хувь, орон сууцны үнэ 5.6 хувь, эрчим хүчний үнэ 41.6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Мөн тус улсад шатахууны үнэ өсөлттэй байгаа юм.

Дашрамд дурдахад, Дэлхийн банкны мэдээллээс үзэхэд улс орнуудын инфляцын түвшин Төв банкуудын зорилтоос давж өссөн үзүүлэлтүүдтэй байна. Хөгжсөн орнуудад 100 хувь, хөгжиж буй орнуудын 90 хувь нь Төв банкны зорилтоосоо давсан өндөр инфляцтай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top