Хуурамч диплом илрүүлэх ажлыг улс даяар хийе

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

Боловсрол, шинжлэх ухааны сайд өчигдөр хуурамч дипломын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Сүүлийн зургаан сарын хугацаанд салбар яамнаас Ажлын хэсэг гарган сургууль цэцэрлэг, багш ажилтны дипломын асуудалд шалгалт хийсэн байна.

Энэ талаараа салбарын сайд нь “Өнгөрөгч онд Архангай аймагт хүүхэд зодсон багш дипломгүй байсан асуудал хөндөгдсөн. Иргэдээс ч гомдол санал ирдэг. Энэ шалгалтыг зогсоох, ажлын хэсгийн хүмүүсийг дарамтлах, мөн 400 гаруй хуурамч байж магадгүй гэсэн цаасан бичиг баримт яамнаас алдагдсан. Энэ амралтын өдрүүдэд бичиг баримт, компьютерын хард алга болсон” гэсэн ноцтой мэдээлэл хийв.

Уг нь бол төрийн яам гэдэг газрыг Төрийн тусгай алба хамгаалдаг, хулгайч дээрэмчин бүү хэл хүн ард нь орж гарахад төвөгтэй газар байдаг биш бил үү. Гэтэл хоёр ч удаа компьютерынх нь хард алга болсон нь анхаарал татахгүй байхын аргагүй.

Шалгалтын явцад нийтдээ 59 мянган дипломыг шалгаснаас 442 хуурамч диплом илэрч, цаана нь 2000 сэжигтэй диплом байгаа аж. Энэ бүхэнд дипломын дугаар давхардсан, овог нэр регистрийн дугаар өөрчилсөн зэрэг зөрчил гарчээ. Мөн боловсролын бүртгэл­гүй дипломын зөрчил 139 байсан бөгөөд энэ нь тухайн жилүүдэд их дээд сургуульд хуваарилагдаагүй, бүртгэлд огт байхгүй дугаарыг бичиж хуурамч диплом дээр дугаар олгосон явдал гэнэ. Завхан аймгийн нэг суманд долоо, хамгийн ихдээ 20 гаруй магистрийн дипломыг суралцаагүй хүүхдүүдэд олгосон тохиолдол ч илэрчээ.

Өнөөдрийн байдлаар манай улсын сургууль, цэцэрлэгт нийтдээ 51 мянган багш ажилладаг бөгөөд тэдгээрт 71 мянган диплом буй гэнэ.

Үүний шалтгаан нь мэдээж зарим багш нар хоёр мэргэжлийн дипломтой байдаг явдал. Гэтэл яамнаас зургаан сарын хугацаанд явуулсан шалгалтад 12 мянган багш бичиг баримтаа ирүүлээгүй аж. Нэг ёсондоо эдгээр багш нарын бичиг баримтыг шалгасны дараагаар зөрчилтэй, хуурамч гэгдэх дипломын тоо өсөх нь гарцаагүй. Үндсэндээ эдгээр багш нарын диплом ямар нэгэн хэмжээгээр асуудалтай гэж хардаж болохоор байна. Учир нь зургаан сарын хугацаанд 12 мянган багшид бичиг баримтаа явуулах, шалгалтад хамрагдах боломж нөхцөл бүрдэхгүй, олдохгүй байна гэж баймгүй.

Үүнээс гадна Боловсрол, шинжлэх ухааны сайдын хийсэн мэдээлэлд бас нэгэн анхаарал татахуйц зүйл байгаа нь бүлэг сүлжээ. Төгсөгчдөд олгосон бичиг баримтууд Боловсролын яамны дээд боловсролын системд хуурамч буюу зөрчилтэй дипломын шивэлт хийж баталгаажуулдаг байна. Гэтэл түүнийг албажуулж, баталгаажуулсан хууль бус асуудал гарсан гэдгийг тэрбээр хэллээ. Үүнээс харахад нэг хэсэг нь хуурамчаар үйлддэг, нөгөө хэсэг нь баталгаажуулдаг, түүнийг системд бүртгэдэг сүлжээ үүссэн байх магадлалтай гэж үзэж, үүнийгээ хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болсноо ч хэлсэн.

Мэдээж хэн гэдэг багш хуурамч дипломтой байсныг нэр устай нь зарлахгүй байх. Хэдийгээр ийм асуудал гаргасан ч хүний эрх гэж юм бий. Үүнээс гадна нийгмийн харилцаа, ойр тойрныхон, шавь нарынх нь хүлээж авах хандлага ч яригдана. Үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон их, дээд сургуулиудыг татан буулгаж, нэрийг нь зарласан. Удаа ч үгүй ийнхүү хуурамч дипломын асуудлыг сөхөж тавьснаараа өнөөдөр Л.Энх-Амгалан сайд нийгэмд хоёр янзаар хэлүүлж байна. Тэгэх нь ч аргагүй биз.

Өнөөдөр манай улсад боловсролын салбарынханы лобби мафийн түвшинд хүрсэн гэдгийг хэн хүнгүй л ярьдаг. Тэгэхээр боловсролын сайд маань ямартай ч энэхүү мафижсан системтэй нүүр тулаад, зарим нэг асуудлыг нь ил тод болгож л байна. Үүнээс улбаалан улсын хэмжээнд төрийн албан хаагчид, улс төрийнхний дипломын асууд­лыг ч сөхөж тавих нь цаашдын явдалд тустай.

Нэг үгээр өөрийн намтар дээрээ гадаад, дотоодын үй олон сургуулийн нэр жагсаан бичсэн байдаг ч төгссөн төгсөөгүй, дипломтой дипломгүй гэсэн яриа дагалдаж явдаг улстөрчид манайд олон бий. Нэр усыг нь энд бичиглэх шаардлаггүйгээр эрхэм мэргэн уншигчид маань хэн, хэн байдгийг мэдэх, гадарлах тул орхиё. Ер нь хуурамч диплом илрүүлэх ажлыг улс даяар явуулах, ялангуяа улстөрчдөөс эхлэхийг иргэд сануулж байгаа юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шүүр. (66.181.160.121) 2023 оны 05 сарын 03

МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Батжаргал Төрсөн дүү Мөнхбаярын Мөнхочир гэх залууд магистрын хуурамч диплом гаргаж өгснийг Сургуулийн захиралд шалгуулах гэж өгөөд ямар ч үр дүнд хүрээгүй замхарсан. хамтарсан бизнес байдаг юм шиг байна лээ.

0  |  0
Ша(66.181.179.125) 2022 оны 09 сарын 09

Ерөнхий сайдаасаа эхлэе.

0  |  1
Ах(66.181.179.125) 2022 оны 09 сарын 09

Ерөнхий сайдаасаа эхлэе. Харвард диплом гээд л ... тэр нь шудрага

0  |  0
Ц(59.153.115.164) 2022 оны 09 сарын 08

Дотроосоол бгаашдээ

1  |  0
haa(64.119.18.87) 2022 оны 09 сарын 08

hahaha

0  |  0
зочин (202.9.47.159) 2022 оны 09 сарын 08

хуурамч диплом бол турбум, их наядаар нь идэж байгаа их мөнгөний рэмт хэргийн дэргэд юу ч биш. тэд дипломтой хүнээсээ илүү ч байж мэднэ шүү.

0  |  0
Top