"Coal Mongolia 2022” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн болж байна.
10 дахь удаагийн “Coal Mongolia 2022” чуулга уулзалт 6 хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг нь “Шинэ сэргэлтийн бодлого нүүрсний салбарт, нүүрсний салбарын оролцогч талууд” гэсэн сэдвээр явагдаж байна.
.
Тус хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монгол Нүүрс Ассоциаци, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, “Эрдэнэс Монгол” ХХК, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн /ERI/ зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.
Коксжих болон эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Дэлхийн дахинд өрнөж буй геостратегийн өөрчлөлт эрчим хүчний гол эх үүсвэр одоогоор нүүрс хэвээр гэдгийг улам тодотгов. Нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх төслүүд дахин хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орж эхэллээ. Нүүрсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, удааширсан төслүүд амилах боломж улс орнуудад бүрдэж байна. Гэвч тээвэрлэлтийн хүндрэл, хил гаалийн нөхцөл байдал манай улсын хувьд хамгийн том сорилт дагуулж буйг чуулга уулзалтыг зохион байгуулагчид онцолж байна.
Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинэ техник технологийг танилцуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, зах зээлийн “тоглогчид” хамтран ажиллах боломжийг олгодог “Coal Mongolia 2022” чуулга уулзалтын гурав дахь хэсэг нь “Нүүрсний зах зээл ба дүн шинжилгээ” сэдвээр үргэлжлэх юм.
Тус хэсэгт “Ногоон шилжилт-Коксжих нүүрсний ирээдүй” болон “Азийн зах зээл дэх Монголын нүүрсний эзлэх байр суурь, боломжууд”-ыг хэлэлцэх юм. Мөн “Металлургийн нүүрсний зах зээлийн чиг хандлага”-ыг энэ хэсэг тодорхойлох төдийгүй “Цар тахлын дараах Хятад, Монголын нүүрсний зах зээлийн төлөв байдал”-ыг танилцуулахаар байна. “Coal Mongolia 2022” чуулга уулзалтын “Нүүрсний зах зээл ба дүн шинжилгээ” хэсэгт “Ногоон шилжилт-Коксжих нүүрсний ирээдүй” илтгэлийг хөрөнгө санхүү, баялгийн салбарт судалгаа хийж, өргөн хүрээнд танилцуулж ирсэн MIRA Mongolia судалгаа-мэдээллийн фирмийн Партнер Ц.Хангай хэлэлцүүлэх бол “Фэнвэй дижитал Информэйшн Сервисек” ХХК-ийн Ерөнхий менежер Фэнг Донгбин “Азийн зах зээл дэх Монголын нүүрсний эзлэх байр суурь ба боломжууд”-ыг цахимаар танилцуулах юм.
“Цар тахлын дараах Хятад Монголын нүүрсний зах зээлийн төлөв байдал, цаашдын чиг хандлага”-ыг “Түдэй Тинк Танк” ХХК-ийн Ерөнхий менежер Хөү Жихуа БНХАУ-аас цахимаар оролцож, илтгэлээ хүргэхээр байна.
Мөн Дэлхийд эрдэс баялгийн судалгаагаар тэргүүлдэг S&P Global Commodity Insights-ийн ахлах шинжээч Клаудиа Сиа цахимаар илтгэл танилцуулна
Коксжих болон эрчим хүчний нүүрсний зах зээлийн өнөө болон дунд, урт хугацааны төлөв байдлыг бүрэн зураглах “Нүүрсний зах зээл ба дүн шинжилгээ” хэсгээр чуулга уулзалтын эхний өдрийн хуралдаан өндөрлөх юм.
Сэтгэгдэл ( 0 )