The Diplomat: Монгол Улс бизнесийг дэмжсэн танхим бүрдүүллээ

2022 оны 09 сарын 13

“The Diplomat”-д нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Монголын УИХ өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд оруулах үндсэн өөрчлөлтийг батлаад буй. 21 гишүүнтэй өргөтгөсөн Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ-аас нэг гишүүнээс бусад арван гишүүн шинээр нэмэгдсэн нь Монголын түүхэн дэх хамгийн том бүрэлдэхүүн юм.

Засгийн газрын бүтцийн өөрчлөлт маш хурдан болсон бөгөөд Оюун-Эрдэнийн байр суурийг бэхжүүлэхэд хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой байсан. Энэхүү өөрчлөлт нь арваннэгдүгээр сард 2023 оны төсвийн санал хураалт эхлэхтэй зэрэгцэн чухал ач холбогдолтой. Мөн Засгийн газрын өргөтгөсөн танхим нь Л.Оюун-Эрдэнэд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулах, сонгуулийн дүрмийг шинэчлэх Үндсэн хуулийн шинэчлэлийг урагшлуулахад тусална. Оюун-Эрдэнэ далайд гарцгүй Монгол орны хувьд цар тахлын сэргэлтийг идэвхжүүлж, эмзэг байдлыг арилгах зорилготой Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хурдасгах төлөвтэй байна. Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг өргөтгөх нь улс орны Шинэ сэргэлтийн бодлого, 2050 он хүртэлх алсын хараа санаачилгын зорилтуудыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байгааг онцолсон. 2021 оны арванхоёрдугаар сард хэрэгжиж эхэлсэн Шинэ сэргэлтийн бодлого нь эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, БНХАУ-тай хилийн боомтуудыг нэгтгэх, доод урсгалын аж үйлдвэрийн чадавхийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотоос өмнө зүгт шинэ хот байгуулах, хүнд суртлыг багасгах, авлигыг арилгах зорилготой юм. Энэ нь улс орны урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, Оюун-Эрдэнийн тэргүүлэх хөтөлбөр болох 2050 он хүртэлх алсын хараатай санаачилгатай нийцэж байгаа юм.

Өргөтгөсөн Засгийн газар нь 16 яамыг хамарсан 21 гишүүнтэй.  Ахмад улстөрч Ц.Нямдоржийн оронд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилсон. Амарбаясгалан шинэчлэлийн томоохон бодлогыг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Амарбаясгалан 40 гаруй насных бөгөөд МАН-ын Оюун-Эрдэнийг ирээдүйд залгамжлах манлайлагчдын нэг хэмээн үнэлэгддэг. Оюун-Эрдэнэ удахгүй МАН-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг тодруулах төлөвтэй байгаа бөгөөд тэрбээр ирэх 2024 оны ээлжит сонгуулийн эрх мэдлийн зуучлагч, гол хүн байх болно. Ерөнхий сайд танхимаа илүү олон парламентын гишүүдээр дүүргэснээрээ улс төрийн болон хууль тогтоох чиглэлээр өөрийн байр сууриа бэхжүүлэхийг эрмэлзэж байна. 76 гишүүнтэй парламентын сайд нь маргаантай шинэчлэл, либералчлалын хөтөлбөрийг урагшлуулах гол түлхүүр болно. Хэдийгээр МАН  олонх болсон ч Ерөнхий сайдын мөрийн хөтөлбөрт тэр бүр нийцдэггүй хүчтэй фракцуудтай. Хачирхалтай нь Барилга, Гадаад харилцаа, Эрүүл мэнд, Соёл, Батлан хамгаалах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар УИХ-ын гишүүн биш атлаа суудлаа хадгалсан.

Бусад чухал томилгоонд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Дижитал хөгжил, харилцаа холбооны сайдаар Н. Учрал нар сонгогдов. Хүрэлбаатар нь Сангийн сайдаар ажиллаж байсан бөгөөд одоо Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн найруулж, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг шинээр байгуулах ажлыг удирдана. Учрал нь Монголын дижитал өөрчлөлтийг хөдөлгөж, олон төрийн үйлчилгээг цахимжуулах болно гэж найдаж байна. Оюун-Эрдэнэ Ж.Ганбаатарыг уул уурхайн салбарыг удирдуулахаар томилсон. Ганбаатар бол эдийн засагт төрийн оролцоог багасгахын төлөө тэмцэгч гэдгээрээ алдартай улстөрч юм. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн горим эцэслэн шийдэгдээгүй байгаа ч энэ оны сүүлээр ашиглалтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Уул уурхайн сайд асан Г.Ёндон төрийн өмчит  Эрдэнэт үйлдвэрийн удирдах албан тушаалд томилсон. Бизнесийг дэмжигч шинэ Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг салхи, нарны эрчим хүч үйлдвэрлэгчдэд чиглэсэн зохицуулалтыг бууруулах зарим арга хэмжээ, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт нэвтрүүлэх оролдлого хийх бололтой.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top