Өнөөдөр Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар 3234.31 төгрөгийн ханшаар 31.5 сая ам.долларыг банкуудад нийлүүлжээ. Өмнөх буюу энэ сарын 8-ны өдрийн дуудлага худалдаагаар 3221.35 төгрөгийн ханшаар 22.2 сая ам.доллар нийлүүлсэн юм.
Гадаад валютын улсын нөөц наймдугаар сарын байдлаар 2695.6 сая ам.доллар болжээ. Долдугаар сард 2878.6 сая ам.долларын нөөцтэй гэж Төв банк мэдээлж байсан. Тэгвэл валютын нөөц өмнөх сараас 6.36 хувиар, оны эхнээс 38.26 хувь, жилийн өмнөхөөс 39.20 хувиар буурчээ.
Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Өнөөгийн хүнд сорилтын үед Монголбанк төгрөгийн ханшаас илүү валютын нөөцөд анхаарах хэцүү сонголтын хүрээнд ажиллаж байгаа ч ханш уян хатан байдлаар тогтворжсон байдалтай байгаа. Бодлогын хүүг шат дараатай өсгөн төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлж байгаа нь төгрөгийн ханшийг тогтвортой байх суурь нөхцөл болж байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Сэтгэгдэл ( 0 )