Орон нутагт 3%-ийн хүүтэй ИПОТЕКИЙН ЗЭЭЛ олгоно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

Орон нутгийн ипотекийн зээл олголтыг эхлүүлэх хамгийн сүүлчийн шат буюу орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулахаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкууд хамтран ажиллаж байна гэж Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдэгдлээ.

Орон нутагт ажиллаж амьдрахыг төсвийн бодлогоор дэмжих хүрээнд энэ оны төсвийн тодотголд зохицуулалтыг  тусгасан. Тухайлбал:

Хөдөө, орон нутагт шилжин суурьших ипотекийн зээлийн үлдэгдэлгүй иргэд болон тухайн орон нутагт амьдардаг анх удаа ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6%-ийг хөнгөлж 3% болгож, урьдчилгаа төлбөрийн 30%-ийн 60%-ийг төр батлан даана.

Хүүгийн зөрүү болох 8 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгасан бөгөөд зээл олгогдож эхэлснээр жилд 5,600 хүртэлх өрх хамрагдах нөхцөл бүрдэнэ гэсэн мэдээллийг дэд сайд өгч байна.

Мөн энэ хүрээнд хөдөө, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1%-ийн хөнгөлөлттэй зээл олгохоор тусгасан юм.

УИХ-аар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт оруулж, Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 30%-ийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдсэн.

Наймдугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын 301-р тогтоолоор орон нутгийн ипотекийн урьдчилгаа төлбөрийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх боломжтой болсон юм.

Мөн ирэх оноос хэрэгжиж эхлэх зохицуулалтуудыг дурдвал:

Дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90%, дараагийн гурван жил 50%-иар тус тус орлогын татвараас хөнгөлнө;

Уул уурхайн компаниас бусад нийслэлд байршилтай (Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусад дүүрэгт байршилтай) үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50%-иар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасна;

Уул уурхайн компаниас бусад орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байгaaг өөрийн сонголтоор 15 жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгоно;

Уул уурхайн компаниас бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20%-иар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасаж татварын дэмжлэг үзүүлэх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(106.154.128.226) 2022 оны 09 сарын 15

ene avgai heden tugrugnii thalin avdag yum bol mgl hun bur undur thalin tai ajil m.r bna

0  |  0
Top