Улаанбуудайн үнэ өсөж, гурилан бүтээгдэхүүний өртөг 50% нэмэгдэхэд хүрлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

Ирэх сарын 1-нээс эхлэн гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ 50 хувиар нэмэгдэх бодит нөхцөл байдал үүсээд байна. Учир нь энэ салбарын түүхий эдийг бэлтгэгч тариалан эрхлэгчдээс Хөдөө аж ахуйг дэмжих санд нийлүүлэх улаанбуудайн үнийг өнгөрсөн оны мөн үеэс 60 орчим  хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас  наймдугаар сард гаргасан юм.

Бүр тодруулбал, экс сайд З.Мэндсайхан албаа өгөхөөсөө өмнө Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран улаанбуудайн тонн тутмын үнийг зэрэглэлээс нь шалтгаалан шинэчлэн тогтоож, дараах дөрвөн өөр ангиллаар Хөдөө аж ахуйг дэмжих санд авах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн билээ.

 

  • 1-р ангиллын улаанбуудай 1 тонн нь 1,000,000 төгрөг
  • 2-р ангиллын улаанбуудай 1 тонн нь 970,000 төгрөг
  • 3-р ангиллын улаанбуудай 1 тонн нь 940,000 төгрөг
  • 4-р ангиллын улаанбуудай 1 тонн нь 880,000 төгрөг байхаар тооцсон.

 

Дээрх ангиллуудын үнэлгээ 880 мянгаас 1 сая төгрөгийн хооронд байгаа ч тариалан эрхлэгчдийн зүгээс авлагад зориулан тогтоосон эдгээр  үнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, 1 кг улаанбуудайг 1200 төгрөг буюу 1 тонныг нь 1,200,000 төгрөгөөр Хөдөө аж ахуйг дэмжих санд нийлүүлнэ гэсэн нэмэлт шаардлага тавьсан. Салбар яамны зүгээс энэ асуудлыг нээлттэй орхисон юм.

Улмаар Хөдөө аж ахуйг дэмжих санд өртэй тариаланчид ирэх аравдугаар сарын 1-нээс эхлээд 1 кг улаанбуудайг 1000 төгрөгөөр өгөх бол бусад нь 1 кг улаанбуудайг  1200 төгрөг буюу 1 тонныг 1,200,000 төгрөгөөр нийлүүлэхээр болж буй бололтой. 

Улаанбуудайн үнэ ийнхүү өнгөрсөн оны мөн үеэс 60 орчим хувиар нэмэгдчихээр гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарынхны хувьд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс өөр гарцгүй, сонголтгүй байдалд орж байна.

Сануулахад, олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэйгээр эдийн засаг бэрхшээл, сорилтуудтай тулгарсан амаргүй үед  гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-аар эцэслэн баталсан.

Энэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцад хамгийн гол нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөлөл буурна гэж эрх баригчид тайлбарласан билээ.

Гэвч бодит нөхцөл байдлыг аваад үзэхэд, энэ хуулийн зохицуулалт гурил болон гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт хэрэгжих боломжгүй нөхцөл байдлыг дээр дурдсанчлан салбарын яамны зүгээс бий болгоод байна.

Энэ шийдвэр гарахаас 4 сарын өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах боломжийн талаар хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, ярилцаж байсан удаатай. Тухайн үед яамны удирдлагууд “Иргэдийн амьжиргаанд үнийн өсөлтийн дарамтыг мэдрүүлэхгүй, харин ч лангуун дээрх ханш болон үйлдвэрлэгчээс нийлүүлж байгаа анхны үнийг 50-350 төгрөгөөр бууруулах боломж, нөөц, гарц, шийдэл бий. Энэ чиглэлээр үйлдвэрлэгчидтэйгээ хамтран ажиллах боломжтой” хэмээж байв.

Гэтэл бодит байдал дээр түүний ам, ажил нь зөрж, албанаасаа буухын өмнөхөн УИХ-аас баталсан хуулийн зохицуулалтыг үл тоомсорлон, улаанбуудайн үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь ургац хураалтын үетэй зэрэгцэн гол сэдэв болж байна. 

Нэгэнтээ төр засгийн зүгээс тодорхой хугацаанд гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд анхаарах чиглэлтэй байгаа л юм бол иргэдийн үндсэн хэрэглээ болох гурил, гурилан бүтээгдэхүүний үнэд бодлогоор анхаарах нь эхэнд эрэмбэлэгдэх асуудал баймаар. Гэтэл засагт өөрчлөлт орж, бужигнах үеэр салбарын сайд нь нэг холбоотой нийлээд улаанбуудайн үнийг өсгөчихдөг. Импортын улаанбуудайг нэмэгдүүлэн, тариалан эрхлэгчдийг өмнө нь бөөн өрөнд оруулсан салбарын яамны энэ шийдвэр нь гэмээ цайруулсан үйлдэл байж болох юм. Гэвч энэ шийдвэрийнх нь горыг ирэх сарын 1-нээс эхлээд иргэн бүр биеэрээ мэдэрч, гурил, гурилан бүтээгдэхүүнийг өнөөдрийнхөөс 50 хувиар нэмэгдсэн үнээр худалдаж авч таарах нь.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.89.30) 2022 оны 09 сарын 17

Амарбаясгалан сайд энэ асуудалд шуурхайлж ороод үнийг нь буулгачихна даа бүү санаа зовцгоо! Том жижиг гэлтгүй юм юманд шуурхайлан оролцдог САЙДтай болсон шүүдээ Монгол улс. Ард түмэн ядуу байх нь төрд хамаагүй эсрэгээрээ тэдэнд ашигтай байгаа даа. Өөрсдөө л баяжиж байвал гээд л ажиллаж байгаа цаадуул чинь…

0  |  0
Ойлгомжгүй (192.82.71.67) 2022 оны 09 сарын 16

улаанбуудайн үнийг нэмж болно гэдэг гурилын импортын татварыг тэглэх хэрэгтэй шүү УИХ ын гишүүдээ

0  |  0
Рагчаа(202.126.90.139) 2022 оны 09 сарын 16

Луйварчид үнэ нэмээд байх юм. ЗГ- нь арга хэмжээ аваасай даа. Цалин тэтгэврээ нэмэх хэрэгтэй. Ард иргэд хэцүүдлээ. Ядуурал газар авсаар.. МАН-ын хулгайчид..

0  |  0
Top