Богино хугацаанд их ашиг олох гэсэн иргэд хохирогч болох эрсдэл нэмэгдэж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19

Иргэд богино хугацаанд их хэмжээний ашиг олох, өндөр өгөөж хүртэх сонирхолд хөтлөгдсөнөөр хохирогч болох эрсдэл ихсэж  болзошгүй байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүлж, дараах мэдэгдлийг гаргажээ.

Санхүүгийн зохицуулах хороо хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд санхүүгийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох, тэдгээрийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажилладаг нь санхүүгийн зах зээлд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдийн эрх ашиг хууль тогтоомжийн хүрээнд хамгаалагдах үндсэн суурь болдог.

Сүүлийн үед СЗХ-ноос олгодог дээр дурдсан зөвшөөрөл эрхлэгч санхүүгийн байгууллагуудаас өөр мэргэжлийн бус этгээдийн зүгээс цахим мэдээллийн  хэрэгслээр дамжуулан бизнесийн байгууллага, нийгмийг хамарсан төсөл болон иргэд, олон нийтэд чиглэгдсэн богино хугацаанд, хялбар аргаар өндөр өгөөжтэй эх үүсвэр хөрөнгө татан төвлөрүүлэх, хямд өртөг бүхий зээл санхүүжилтийг амласан бусдыг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа нэмэгдсээр байгаа нь ирээдүйд бий болох санхүү, төлбөрийн чадварын бодит эрсдэлийг дагуулж байна. Иргэд, олон нийтийн санхүүгийн мэдлэг, мэдээлэл дутмаг байдал ялангуяа богино хугацаанд их хэмжээний ашиг олох, өндөр өгөөж хүртэх хүсэл сонирхолд хөтлөгдсөнөөр хохирогч болох эрсдэл ихсэж болзошгүй байна.

СЗХ хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн  10.11 дүгээр  зүйлийн 3, 11.10 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.5 болон 11.33 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэрэг нээж шалган, шийдвэрлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлж ажилладаг. Иймд иргэн та аливаа хөрөнгө оруулалт хийх, зээл санхүүжилт авах шийдвэр гаргахдаа тухайн үйл ажиллагаа нь төрийн эрх бүхий байгууллагаас олгодог зөвшөөрөлд хамаарсан эсэх, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлийн талаар санхүүгийн зах зээл дэх мэргэжлийн оролцогч байгууллагад хандан зөвлөгөө, мэдээлэл авах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүрт нь авахыг зөвлөж байна.

Мөн санхүүгийн аливаа үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр эрхэлж байгаа болон эрхэлж байж болзошгүй этгээдийн талаарх мэдээллийг sec.supervision@frc.mn цахим холбоос болон +51-261677 дугаарын утсаар мэдээлэхийг зөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top