Төгрөгийн ам.доллартой харьцах албан ханш 3,248.97 болоод байна. Энэ нь нэг сарын өмнөхтэй харьцуулахад төгрөг ам.долларын эсрэг 60.57 төгрөгөөр суларсан үзүүлэлт юм.
Тодотгоход, гадаад валютын улсын нөөц наймдугаар сарын байдлаар 2695.6 сая ам.доллар болсон.
Долдугаар сард 2878.6 сая ам.долларын нөөцтэй гэж Төв банк мэдээлж байсан. Тэгвэл валютын нөөц өмнөх сараас 6.36 хувиар, оны эхнээс 38.26 хувь, жилийн өмнөхөөс 39.20 хувиар буураад байна.
Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Өнөөгийн хүнд сорилтын үед Монголбанк төгрөгийн ханшаас илүү валютын нөөцөд анхаарах хэцүү сонголтын хүрээнд ажиллаж байгаа ч ханш уян хатан байдлаар тогтворжсон байдалтай байгаа. Бодлогын хүүг шат дараатай өсгөн төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлж байгаа нь төгрөгийн ханшийг тогтвортой байх суурь нөхцөл болж байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )