ШИЙДВЭР: Бодлогын хүүг 2%-иар нэмж ЧАНГАРУУЛЛАА

2022 оны 09 сарын 20

Мөнгөний бодлогын хорооны хурлаар Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэх шийдвэр гаргаснаа өнөөдөр мэдэгдлээ. /2022.09.20/ 

Төв банкны зүгээс өмнөх хугацаанд гаргасан  мөнгөний хатуу бодлогын шийдвэрүүдийн  нөлөөлөл  энэ намраас хүчтэй гарч эхэлнэ гэж тооцож буйгаа мэдэгдэж байсан.

Эдийн засагт үүссэн нөхцөл байдлыг сайжруулах, үнийн өсөлтийг хазаарлахын тулд мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хатууруулах шаардлага бий болж байна гэсэн байр суурийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар  илэрхийлж байсан билээ.

Тэгвэл Мөнгөний бодлогын хороо ийнхүү бодлогыг нэмж чангарууллаа.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Нийлүүлэлтийн шинэ шок үүсэхгүй тохиолдолд инфляц алгуур буурах хүлээлттэй. Үнэ-Цалин ээлжлэн өсөх үзэгдэл болон үнийн өсөлтийн хоёр дахь үеийн нөлөө үүсэж болзошгүй байна. Хэрэв цалин хурдтай инфляцаас давж нэмэгдвэл инфляцын төсөөлөл нэмэгдэнэ. Инфляцын хүлээлтийг дунд хугацаанд тогтворжуулах шаардлагатай. Энэ нь мөнгөний бодлого хатуурах зайлшгүй нөхцөл болно. Хэр хэмжээнд хатуурах вэ? гэдэг нь энэ жилийн болон ирэх жилийн төсвийн зардал, валютын урсгалаас шууд хамаарна. Шинэ суурьтай /2020/ инфляц зарлагдана.Төсөөллийн тодорхой бус байдал өндөр байна" гэсэн байр суурийг  өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн.

Төв банкны зүгээс төсөв сангийн бодлого, мөнгөний бодлогын уялдаа хамаарал чухал байгааг тодотгож буй.

Өнгөрсөн хугацаанд гаргасан Мөнгөний бодлогын шийдвэрүүдийг сануулахад:

Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 12 дугаар сарын хурлаас төв банкнаас банкуудад олгодог урт хугацаат репо санхүүжилтийн хүүг ‘бодлогын хүү+0.5 хувь’ байхаар өсгөн тогтоосон. Долларжилтын эрсдэлээс, төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлж 18 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан.

2022 оны 1 дүгээр сард ээлжит бусаар хуралдаж мөнгөний бодлогын төлөвийг бодлогын хүү болон төгрөгийн заавал байлгах нөөцийн хувиар дамжуулан үргэлжлүүлэн чангаруулсан. Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 6.5 хувьд хүргэх, төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 8 хувьд хүргэх арга хэмжээг авсан.

2022 оны 3 болон 6 дугаар сарын Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар инфляцын хүлээлт өсөх, төлбөрийн тэнцэлийн алдагдал нэмэгдэхийн зэрэгцээ гадаад суурь хүү илүү хурдтай өсөх нөхцөлийг харгалзан бодлогын хүүг харгалзан 2.5 болон 1 нэгж хувиар нэмэгдүүлж 10 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан юм.

Түүнчлэн энэ удаагийн хурлаас Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top