Ази, номхон далайн бүсийн жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого

Админ | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

Судлаач:  МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн докторант Я.Эрдэнэсайхан, Э.Ундрал


Ази, Номхон далайн бүс нутагт жижиг, дунд үйлдвэрлэл нь эдийн засгийн дийлэнх хувийг бүрдүүлдэг. Ингэхдээ эдийн засгийн өсөлт, инноваци болон ажлын байрыг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Мөн дотоодын болон экспортын чиглэлийн түншүүдтэй хамтран ажиллах, тэдний хэрэгцээг хангахад чиглэсэн олон асуудлыг шийдвэрлэх цогц бодлого шаарддаг онцлогтой. Тухайлбал, шинээр бизнес эрхлэхэд тулгарах саад бэрхшээл, зардлыг бууруулах, бэлэн мөнгөний санхүүжилтийг хангалттай бий болгох, боловсрол, сургалтаар дамжуулан хүний нөөцийг чадавхжуулах, мэдээллийн хүртээмжийг сайжруулах зэргийг дурдаж болно.

Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа нийт аж ахуйн нэгжүүдийн дотор   жижиг, дунд үйлдвэрлэгчид жин дардаг. Өөрөөр хэлбэл, тэд дийлэнх олонхыг бүрдүүлж байдаг. Тиймээс  жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хөгжлийн хэтийн төлөвийг цогцоор шийдвэрлэх асуудал  чухлаар тавигдаж байна. Үүнд нэн тэргүүнд шаардлагатай хэд хэдэн чиглэлийг тодорхойлсон байдаг.

Жишээ нь:

 

  1. Бизнесийн таатай орчин бүрдүүлэх,
  2. Бизнес эрхлэх соёлыг сурталчлах,
  3. Санхүүжилтийн эх үүсвэр,
  4. Бизнес хөгжүүлэх үйлчилгээ,
  5. Инноваци ба технологийн хөгжил,
  6. Зах зээлд нэвтрэх г.м.  

Ер нь бол аль ч орны Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэлийг  хөгжүүлэхэд онцгойлон анхаарч, голлох  үүргийг  гүйцэтгэж байдаг. Нөгөөтэйгүүр,  төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шаарддаг. Нэг үгээр хэлбэл, энэ хоёрын тэнцвэрийг олох, цаг үеэ  мэдэрч, уялдаа холбоог хангахад  гүйцэтгэх засаглал балансыг барьж байдаг  гэж хэлж болох юм.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид олон салбарт үйл ажиллагаа явуулдаг боловч өөр хоорондоо төстэй нийтлэг шинж чанарууд бий. Тэр нь хувь хүний санаачилга, үйл ажиллагааны уян хатан чанар, инноваци руу чиглэсэн хүсэл эрмэлзэл болон санхүүжилт, зах зээлд нэвтрэхэд тулгардаг бэрхшээл зэрэг асуудал байна.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүс нутгийн үндэсний эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байдаг. Гэвч  энэ салбарын хөгжил олон оронд сул хэвээр байна. Сүүлийн жилүүдэд цар тахал, эдийн засгийн хямралаас үүдэн шинэ алхмууд хийгдсэнгүй. Тэгэхээр хөгжлийн хувьд урьдын хэвээр, зогсонги байдалд байна гэж дүгнэж болно. Тиймээс бусад салбараас  илүү их дэмжлэг шаардагдсаар байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд   олон улсын нөхцөл байдал харилцан адилгүй  байна. Тулгарч буй бэрхшээлийг гадаад ба дотоод гэж хувааж болно. Гадаад саад бэрхшээл нь ерөнхийдөө бизнес эрхлэгчдийн хяналтаас гадуур байдаг бол дотоод саад бэрхшээл нь тэдний хяналтад байдаг. Үүний зэрэгцээ нөөц ба ханган нийлүүлэгчидтэй ойр байх, дэд бүтцийг хамтран ашиглах, мэдлэг мэдээлэл солилцох зэрэг давуу талуудтай.  Аж үйлдвэрийн кластер зэрэг стратегиар жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулах боломж бас  бий. Нүдэнд харагдахгүй атлаа  нөлөөлж байдаг хүчин зүйлүүд ч бий. Жишээ нь, нийгмийн үзэл бодол, тодруулбал  соёл, жендерийн асуудал зэрэг нь жижиг, дунд үйлдвэрийн хөгжилд нөлөөлж байдаг.

Ази, Номхон далайн ихэнх эдийн засагт орон нутгийн болон эмэгтэй бизнес эрхлэгчид нь дэмжлэг хамгийн их  шаардлагатай хэсэг байдаг. Иймээс тэднийг  хамруулсан хөгжлийн хөтөлбөрүүдийг бодлогоор  хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Харин бодлогын болоод  хөндлөнгийн оролцоо нь дараах зүйлд чиглэгдсэн байх шаардлагатай гэж үздэг.

 

Тухайлбал:

(а) Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн тоо, оршин тогтнох түвшинг нэмэгдүүлэх,

(б) Албан ёсны бүртгэлтэй хуулийн этгээд болохыг дэмжих,

(в) Том компани болох явцыг дэмжих,

(г) Үйл ажиллагаагаа зогсоох процессыг хялбарчлах,

(д) Зах зээлийн хүртээмжийг сайжруулах гэж тодорхойлдог ажээ.

Бизнес эрхлэх орчин бол   хувийн хэвшлийг хөгжүүлэх үндэс суурийг тавьдаг гол хөрс нь. Мөн цааш хөгжих  таатай нөхцөл нь болоод зогсохгүй  жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаа тэлж томрох, өрсөлдөх чадварыг бий болгож байдгаараа давуу талтай. Бизнес эрхлэх орчны үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдэд эдийн засгийн бодлого, дотоод, гадаад хүчин зүйл, зохицуулалтын орчин, дэд бүтэц, бизнес эрхлэх соёл, технологи гол байрыг эзэлж байдаг. Тиймээс  жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих бизнесийн орчныг  илүү таатай болгоход Засгийн газрууд  гол үүрэг гүйцэтгэж байдаг.Үүнээс гадна бизнес эрхлэх орчны  шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь тухайн үндэстний онцгой хэрэгцээг хангахуйц байх ёстой юм. Үүний тулд бизнес эрхлэх орчны судалгаагаар  шинэчлэлийг тодорхойлох, эрэмбэлэх зэрэг нь чухал ач холбогдолтой. Мөн тэдгээрийг тодорхойлж гаргаж ирдэг судалгааны  давуу тал юм. Өөрөөр хэлбэл, өөрчлөлтийг хэрэгжүүлэх амлалт өгөх хүчтэй  улс төрийн хүсэл эрмэлзэл хэрэгтэй бөгөөд энэ нь одоо байгаа шилдэг арга барилаас суралцахын зэрэгцээ  хослуулснаар үр дүнд хүрэх  явдал юм. Мөн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явцад зорилтот салбарын хэрэгцээг, жишээ нь ЖДҮ хөгжих орчин, түүний үр дүнг  тогтмол үнэлэх нь чухал. Эцэст нь бизнес эрхлэх орчны шинэчлэл, сайжруулалтыг хариуцлагатай, ил тод явуулах шаардлагатай гэж судлаачид дүгнэдэг.

Эх сурвалж: Ази, Номхон далайн орнуудын жижиг, дунд үйлдвэрийн, хөгжлийн бодлогын гарын авлага

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top