О.Амартүвшин: Бие биенээ буруутгаад, барьж хориод үгүйсгэх нь шийдэл биш

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 29

"Монгол Улсын Хөгжлийн банканд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл, цаашдын ирээдүй" сэдэвт хэлэлцүүлгийг Хөгжлийн банк, Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин оролцож байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох, ажлын байр шинээр бий болгох, нэмүү өртөг шингээх, валютын орлого авчрах томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж буй. Үүнд Хөгжлийн банкны урт хугацаатай, бага хүүтэй санхүүжилт нэн чухал үүрэгтэй билээ. Гэвч зээлийн хүртээмж харилцан адилгүй байна.

Сүүлийн гурван жилийн нөхцөл байдлыг харвал том эрсдэл дээр бизнесийнхэн тулж ирээд байна. Араас нь Орос, Украины асуудал залгалаа. Валютын ханш болон Засгийн газрын шийдвэртэй холбоотой эрсдэлийг дан ганц аж ахуйн нэгжид үүрүүлэхгүйгээр эрсдэлийг бууруулах, шийдлээ хоорондоо ширээ тойроод ярилцах ёстой. Одоо харьцангуй цөөн ААН-дээр валютын ханшийн нөлөө асуудал үүсгээд байгаа. Энэ төслүүд өөрөө улс оронд хэрэгтэй учраас Монголбанк, Хөгжлийн банк эргэн авч үзэж болно. Дахин хэлцэл хийгээд дахин санхүүжүүлэх боломжтой. Хувийн хэвшлийг бодитойгоор дэмжих ёстой. Тэгэхээр Засгийн газар ч гэсэн тал талаасаа гарц хайхаас биш бие биенээ буруутгаад барьж хориод үгүйсгэх нь шийдэл биш гэв.

Мөн дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадагш гарах валютын урсгалыг тодорхой хэмжээнд хааж буй үйлдвэрлэгчдээ дэмжих, шийдлээ хамтран тодорхойлох нь чухал гэдгийг тодотгоод Хөгжлийн банкнаас авсан зээлийг зориулалтаар нь ашиглаж, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд цар тахал, хил гаалийн нөхцөл байдал, ханшийн өсөлт зэргээс шалтгаалан урьдчилан тооцоолоогүй эрсдэлүүд төслийг хэрэгжүүлэх явцад тулгарч байна. Тиймээс нэмэлт санхүүжилт олгох, ам.долларын зээл авсан, төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдэд валютын ханшийн өсөлтөөс учирсан алдагдлыг тусгайлан авч үзэх зэрэг дэмжлэг шаардлагатай байна.

Хөгжлийн зээл гэдэг үнийн дүн томтой, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгддэг, урт хугацаа шаарддаг, хөрөнгө оруулалтын дүн өндөр төслүүд байдаг. Ийм төслийг арилжааны банк дангаараа санхүүжүүлж чадахгүй, тухайн ААН шийдэж чадахгүй. Хөрөнгө оруулалтын орчин хүнд байгаа үед гаднын хөрөнгө оруулагчийг оруулж ирнэ гэдэг амаргүй. Тэгэхээр хүссэн хүсээгүй Засгийн газар Хөгжлийн банкаар дамжуулж шийдэл гаргана  гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top