Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.10.06/ үдээс хойших нэгдсэн хуралдаанд Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, 2022 оны улсын төсөв цар тахлын хүндрэлийг даван туулахад зориулагдсан бол өргөн барьж буй 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдсаныг тэмдэглээд олон улсын геополитикийн хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гадаад үнийн өсөлт, валютын ханшийн огцом өсөлт, дэлхий нийтэд үүсэж буй хүнсний хомсдол зэрэг эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах нь улс орон бүхний хувьд амаргүй сорилт болж байгааг онцолсон. Түүнчлэн 2023 оны улсын төсөв энэхүү өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт Засгийн газар бүрэн итгэлтэй байна. Макро эдийн засгийн тэнцвэр хангагдсанаар хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор өсөх суурь нөхцөл бүрдэнэ гэж байв.
2023 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу Толгойн Гүний уурхай ашиглалтад орж, Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна.
Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд ган, зэс, алтны үйлдвэржилтийг дэмжих бодлого явуулж, аж үйлдвэрийн боловсруулалтыг нэг шатаар ахиулж, нэмүү өртөг шингээх зорилт тавьж байгаагаа Засгийн газрын тэргүүн танилцуулгадаа тодотгосон.
Мөн тэрбээр, ирэх төсвийн жилд Эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлнэ.
Амгалан Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан ашиглалтад оруулна. Ямар ч улс төржилт, ямар ч эсэргүүцэл хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин хэлье гэж байлаа.
Төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулж, хөрөнгийн зах зээлээр дамжуулж олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг ирэх онд идэвхжүүлнэ.
Саяхан Төрийн банкийг олон нийтийн хяналтад оруулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн бол Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцсэн нээлттэй компани болгох ажлыг ирэх жилийн төсвийн жилд багтаан зохион байгуулна. “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, үйл ажиллагааг Баялгийн сангийн олон улсын жишигт нийцүүлж, өөрчлөн зохион байгуулснаар нүүрс, зэс, өнгөт металл, эрчим хүчний төслүүдийн бүтээн байгуулалтууд идэвхжиж, уул уурхайн шинэ төслүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг идэвхтэй татах боломжууд нэмэгдэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар борлуулалт ил тод, нээлттэй болж, ашигт малтмал дагасан далд эдийн засаг, авилгын асуудал бүрэн цэгцэрнэ гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа онцлоод, хавтгайрсан халамжийг үе шаттай хязгаарлаж, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан төрийн албаны цалингийн тогтолцоог шинээр нэвтрүүлнэ.
Төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид шатлалыг 20 болгон бууруулж, олон улсын жишигт нийцүүлнэ гэдгийг тодотгож байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, бодит ажил болгоход Засгийн газар 2023 оны төсвийн жилд онцгой анхаарал хандуулна. Эрүүл хүнс бол эрүүл Монгол Улс бүрдэх суурь нөхцөл төдийгүй экспорт нь 92 хувь уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд төрөлжин хөгжих боломж бүхий эдийн засгийн хоёрдахь том салбар билээ.
Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байна. Энэ бодлогын хүрээнд Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд биечлэн удирдаж, олон улсад улсынхаа нэр хүндийг өсгөхөд онцгойлон анхаарна. Аялал жуулчлалын стандартыг эрс шинэчлэх ажлыг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран зохион байгуулах болно. Аялал жуулчлал бол эдийн засгийн хувьд төрөлжүүлэн хөгжүүлэх боломж бүхий гуравдахь том салбар гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа дурдсан.
Мөн ирэх оны төсөвт нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилтыг дэвшүүлж байгаагаа онцлохын зэрэгцээ чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх ажлыг ирэх жилийн төсвийн жилээс эхлэн зохион байгуулна гэж байлаа.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн 3 жил 90 хувиар, дараагийн 3 жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ гэдгийг Засгийн газрын тэргүүн тодотгоод, Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүллээ.
2023 оны төсөв хэрэгжсэнээр өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна гэдгийг онцлов.
Мэдээж 2023 оны төсөв зарим талаараа давс мэт шорвог сонсогдож магадгүй. Гэвч бид ирэх жилүүдэд улс орны нийгэм, эдийн засагт хэрэгтэй чухал төслүүдийг цаг алдалгүй богино хугацаанд хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж буй Шинэ сэргэлтийн төсөв юм. 2022 оны төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулан, өргөн барьж байна.
Төсвийн алдагдал гэдэг бол Засгийн газрын өр юм. Тиймээс цаашид төсвийн алдагдалгүй улс болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төсвийн сахилга баттай төр засаг болохын төлөө хариуцлагаа ухамсарлаж, хамтдаа хичээцгээе гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулгадаа онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл ( 0 )