МӨНГӨНИЙ БОДЛОГО: Бизнесийн орчныг тогтворжуулж, иргэдийн амьжиргааг хамгаална

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 10 сарын 09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны аравдугаар сарын 06-ны өдөр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн  ирэх оны төсвийн тухай  хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулсан. Ирэх жил баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь  цар тахлын сөрөг нөлөө бүрэн илааршаагүй, дэлхий нийтэд геополитикийн хямрал нүүрлэсэн хүнд цаг үед боловсруулагдсан. Иймээс эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, түүнтэй уялдуулсан бодлогыг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх  зорилтыг дэвшүүлжээ.

Хэдийгээр цар тахлаас үүдэж,  дэлхий нийтэд тодорхой бус байдал нүүрлэсэн ч  төсөв, мөнгөний бодлого нь харилцан уялдаатайгаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, бизнесийн орчныг тогтворжуулж, иргэдийн амьжиргааг хамгаалахад чиглэсэн гэв. Түүнчлэн гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэхэд  анхаарсэн байна. Дунд, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад аж үйлдвэрийн салбарын боловсруулалтыг гүнзгийрүүлж, импортыг орлох салбарыг хамгаалж, экспортыг дэмжин эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтыг төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Мөн логистикийн хүндрэлийг шийдвэрлэж, хилийн гацааг арилгаснаар экспортын орлогыг нэмэгдүүлэх, худалдааны эргэлтийг сайжруулах, тээврийн зардлыг бууруулж үнэ, ханшийн дарамтыг шийдвэрлэх боломжтой гэв.

Д.ГАН-ОЧИР: БОДЛОГЫН ХҮҮГИЙН ТОХИРГОО ХИЙХ  ШААРДЛАГАТАЙ

Чуулганаар хэлэлцэж буй  асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж хариулт авсныг тоймлон хүргэе.

Мөнгөний бодлогын чангарал, ханшийн тухай УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Ам.долларын ханш 3500 давлаа. Ханшийн өөрчлөлтийн  гол шалтгаан юу вэ. Экспортоо нэмэгдүүлэх, хил гаалийг нээхэд  Засгийн газар, валютыг  нэмэгдүүлэхэд Монголбанк ямар арга хэмжээ авч байна вэ?

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Интервенц хийгээд яагаад валютын ханшаа тогтворжуулж болохгүй байна вэ?

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Монголбанк мөнгөний бодлогоо чангаруулсан, цаг хугацааны хувьд алдсан. Цаашид төлбөрийн тэнцэл дээр ямар бодлого хэрэгжүүлнэ гэж бодож байна вэ. Арилжааны банкуудын IPO хийхийг хойшлуулсан. AQR-ийн дүн хэзээ гарах вэ, иргэдэд хэзээ мэдээлэх вэ. Ипотекийн хөтөлбөр үргэлжилж байна уу. Зургаан  хувийн зээл гарч байгаа юу?

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гишүүдийн асуултад хариулахдаа:

“Импортын бараа, бүтээгдэхүүний тоо өсөөгүй, гэхдээ  үнэ өссөн. Олон улсын байгууллагууд ижил тайлбар хэлж байгаа. Гадаад нөхцөл байдлуудаас үүдэн үнэ өссөн, түүгээр дамжиж импортын төлбөр тооцоо нэмэгдээд байна. Үүнд тааруулж нөөцөөсөө тодорхой хэмжээний валют гаргаж байгаа. Валютын нөөц анхаарал хандуулах хэмжээнд хүрсэн учраас харилцагчийн хүссэн валютыг гаргаж өгөх бололцоо муутай байна. Нефтийн бүтээгдэхүүний хувьд Монголбанкны репо арилжаагаар хийнэ. Бодлогын хүү  зургаан  нэгж хувиар, бараг хоёр дахин өссөн. Хүүг цааш өсгөх үү гэдэг нь инфляци, ханшаас, доллар орж ирэх, нөөц хэрхэн өсөхөөс гэхчлэн олон зүйлээс хамаарна. Одоо хасах хүүтэй явж байна. Бодит хүүний зөрүү нарийсаад, нийлэхээр бол хүүгээ чангаруулах бодлого барих байх. Экспортоос, эдийн засгийн идэвхжлээс хамаарна” гэв.

Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Дэлхий даяар үнэ өсөж байна. Иймд улс орнууд инфляцийн бодлого явуулъя гэж байна. Хууль батлаад үнэ тогтворжуулна гэж байхгүй” гэдгийг хэлж байсан юм. Тэгвэл Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Бодлогын хүүгийн тохиргоо хийх зайлшгүй шаардлагатай. Итгэлийн зээлийн хуулийн төсөл гээд Монголбанкны удирдлага манлайлаад хийсэн төсөл бий. Энэ төсөлтэй одоогийн бидний байр суурь ижил байгаа” гэж хариуллаа.

ТӨВ БАНК ИРЭХ ОНООС ИПОТЕКИЙГ ЗОГСООНО

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Монгол Улс дефолтын хэмжээнд очсон. Банкууд зээл гаргахгүй байгаа. Орон сууцны үнэ 19 хувиар өслөө. Өнгөрсөн хугацаанд хийсэн бодлогын тохируулгууд цагаа олсон, зөв байсан уу. Хөдөө орон нутагт шилжиж суурьшсан хүмүүст гурван  хувийн зээл олгоно гээд ярьж байгааг ойлгохгүй байна. Хэдэн төгрөг гарах вэ, хэзээнээс хэрэгжих вэ” гэдгийг асуусан.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн үүнд хариулахдаа  “Зээл тодорхой хэмжээнд гарч байна. Гэхдээ хүссэн хэмжээнд зээл олгож чадахгүй байгаа. Үл хөдлөхийн үнэ 19 хувиар өссөн. Өртөг зардлын нөлөө бий. Барилгын үнэ өссөн нөлөөлсөн. Төв банк ипотекийн зээлийг 2023 оноос зогсооно” гэв. Мөн “Гаднын, хүү багатай банк оруулж ирж болохгүй юу. Ам.долларын ханш хэд хүрээд тогтох вэ”  гэсэн УИХ-ын гишүүн Х.Баделханы асуултад тэрбээр “Зээлийн хүүг огцом бууруулж ирсэн. Үүний дүнд жилийн 14 хувь хүртлээ багассан байсан. Гадаад орчны таагүй нөхцөл байдал хүүний нөхцөл байдлыг чангаруулах бодлого баримталж байна. Өнөөдөр үйлчилж буй банкны тухай хуулиар хувийн өмчтэй гаднын банк Монгол Улсад бие даасан салбар байгуулах боломжтой. Монголд гаднын зургаан банкны төлөөлөгчийн газар байсан ч гурав нь гарсан. БНХАУ-ын хоёр, Японы нэг банкны төлөөлөгчийн газар бий. Японы банк салбараа нээх бүрэн боломжтой. Өнөөдөр ямар нэгэн банк хүсэлт өгөөгүй. Хувийн өмчтэй банкинд нээлттэй. Анх Оюутолгойн данс Монголын банкууд дээр байсан. Дубайн гэрээгээр Монголын банкаар дамжихгүй болсон” хэмээн  хариуллаа. Цар тахлын жилүүдэд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг түр хойшлуулсан  бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд төлж эхлэхээр байгаа. Тэгвэл оны эхнээс иргэд зээлээ  хугацаандаа төлөөд явна” гэсэн тодруулгыг Монголбанкнаас  өгсөн юм.

Т.ДОРЖХАНД: МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Мөнгөний бодлого чинь  бүтэхгүй. Ханш тогтворжуулах ч мөн бүтэхгүй. Яагаад гэвэл  улсын төсөв тэлсэн. Бүд импортыг дэмжиж, ам.долларын эрэлтийг бий болгосон. Ингэж бөмбөг шидэж болохгүй. Та нар инфляцыг дийлэхгүй. Мөнгөний бодлогоо урдаа тавиад инфляцаа тохируулах замаар л явна. Гэвч тэгж чадсангүй. Төсвөө хумих ёстой, мөнгөний бодлогоо чангаруулах ёстой. Ирэх жил 500 гаруй сая төгрөгийн бондын төлбөр хийнэ, Хөгжлийн банкны  мөн 500 гаруй саяын төлбөр, самурай бондын төлбөр гээд хийгдэнэ. Үүнийг хийж чадахгүй бол дефолт болно. Бодлогоо өөрчлөхгүй бол боломжгүй. Монголбанкны удирдлагуудад хариуцлага тооцох ёстой гэсэн миний байр суурь хэвээрээ байгаа шүү” хэмээн шүүмжлэв. Мөн тэрбээр “Төсөв” биш “Халамж” гэх баримт бичиг  болжээ гэх үгийг Засгийн газар, Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайд нарт хандаж хэлсэн  юм.

ГИШҮҮДИЙН ТОЙРОГТ ТӨСӨВ БАТЛААГҮЙ Ч ЕРӨНХИЙ САЙД ЗОРИГТОЙ БАЙВ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцсэний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх оны төсвийн танилцуулгыг хийсэн. Ингэхдээ Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн “Шинэ төсөв” болсон гэдгийг тодотгосон. Ерөнхий сайдын хэлсэн үгнээс хэд хэдэн зүйл маш тодорхой байлаа. Тодруулбал, 2023 оны улсын төсөв ковидын хямрал, Орос, Украины асуудлаас үүсэн дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулахад чиглэсэн хэмнэлтийн бодлого туссан бөгөөд  бүсээ чангалах ёстойг ойлгуулсан төсөв болжээ. УИХ-ын гишүүдийн тойрогт анх удаа төсөв хуваарилаагүй. Иймд гишүүдийн тойрогт хуваарилах мөнгө анх удаа хасагдсан төсөв орж ирэв.

Тэгэхээр 2021 онд гэхэд дөрвөн тэрбумаар хэмжигдэж байсан төсвөө хасуулсан гишүүд нэлээн асуудал үүсгэх болов уу. Улмаар төсөв батлахгүй гацааж магадгүй юм. Энэ утгаараа Засгийн газар, Ерөнхий сайдын хувьд  зоригтой шийдвэр гаргалаа гэж олон нийт үзэж байна. Тиймээс төсөв хэлэлцэх үеэр янз бүрийн зүйл дуулдахад гайхах юмгүй байх гэцгээх хүн цөөнгүй байна. Засгийн газрын төсвийн төслөөс харахад 2023 оны төсвийг

 -Хөшигийн хөндийн дагуул хот байгуулахад

-Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт

-Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан төслүүдэд

-Макро эдийн засгийг сэргээхэд

-Нийслэлийн төвлөрөл, ачааллыг бууруулах ажлуудад зориулж гэх мэтээр нийслэлийг дэмжих арга хэмжээнд төвлөрүүлэн зарцуулах бодлого барьжээ. УИХ-ын гишүүд тойрогтоо хийх хөрөнгө оруулалтын төсөвгүй  ийм төсөв, ялангуяа сонгуулийн өмнөх жилд тойрог руу оруулах хөрөнгө оруулалтыг танасан төсөв батлагдаж байсан удаа парламентын түүхэнд үгүй. Тухайлбал, сонгуулийн өмнөх жил тусмаа тойрогт тусгах хөрөнгө оруулалтын төрөл, үнийн дүн өсдөг байсан. Энэ дэг жаягыг эвдсэнээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ихээхэн  шийдэмгий харагдаж байна. Нөгөө талаар УИХ төсвийг батална, энэ асуудлыг гишүүд эрүүлээр харах уу, яах бол уу гэдэг нь энэ өдрүүдэд мэдрэгдэх биз ээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан төсөв, мөнгөний бодлогыг өчигдөр өдөржин хэлэлцээд, орой 18 цагт завсарласан. Нэг гишүүний асуултад Монголбанкны төлөөлөл, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд гээд гурван хүн хариулж, шаардлагатай гэж үзвэл нэмэлт хариулт авч цаг их авсан. Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэг маргааш үргэлжилнэ хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top