НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

НӨАТ-ын сугалааг түр завсарласны эцэст энэ сараас дахин явагдахаар болсон билээ.

Сугалааны эхний тохирол аравдугаар сарын 12-ны Лхагва гарагт 13:00 цагаас Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр орон даяар шууд дамжуулна.

Иргэд 2022 оны есдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа аравдугаар сарын 11-ний өдрийн 11:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын Ерөнхий Газраас санууллаа.

Сугалааны тохирлын журамд дараах шинэчлэлийг хийсэн. Үүнд:
 

  • НӨАТ-ын сугалааны азтан тодруулах нэвтрүүлгийг ebarimt аппликейшнаар үзэх боломжтой.
     
  • 51-ээс дээш баримт бүртгүүлвэл азтан болох магадлал өсч, урамшууллын дүн нэмэгдэнэ. Жишээлбэл, Гурван баримт бүртгүүлсэн хүний баримтын гурван орон таарвал 30,000 төгрөгийн урамшуулал авна. Харин 51-ээс дээш баримт бүртгүүлээд түүнээс нь нэг баримтны гурван орон таарвал 60,000 төгрөгний урамшуулал авна. Энэ нь олон баримт бүртгүүлдэг хүмүүсийг урамшуулах бодлого аж. 
     
  • Тухайн хүний амьдарч байгаа орон нутагт НӨАТ-ын хууль хэрхэн хэрэгжиж буйг өмнөх онтой харьцуулж, баримт хэвлэлт нэмэгдсэн хувиар сугалааны хонжвор дээр нэмж урамшуулал олгоно. Жишээлбэл, Дархан-Уул аймгийн иргэн бөгөөд 9 баримт бүртгүүлснээс нэг баримтынх нь 3 орон таарч 30,000 төгрөгний азтан болсон гэж бодоод нэмэлтийг тооцоолъё. Дархан-Уул аймгийн НӨАТ-ын баримт хэвлэлт хэр нэмэгдсэнийг өмнөх онтой харьцуулан Татварын ерөнхий газраас судалгаа хийнэ. Дархан –Уул аймаг 23% -иар баримт хэвлэлт өссөн гэж бодоход 30,000*(1+23) =36,957 төгрөг болж нэмэгдэн азтаны дансанд орох юм.
     
  • Хонжвор бүр эзэнтэй. Өмнө нь баримтын найман орон таарахгүй тохиолдолд супер хонжворыг дараагийн тохирол руу шилжүүлдэг байсан бол одоо найман орон таартал нь бөмбөлгөө үлээлгэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top