МҮХАҮТ-аас “Хүнд суртлын индекс” судалгааны дүнг танилцууллаа. Уг судалгаа нь төрийн үйлчилгээний хүнд суртлыг ерөнхий болон нарийвчилсан дэд үзүүлэлтүүдээр бизнес эрхлэгчдээр үнэлүүлэн, цаашид анхаарах сайжруулах асуудлыг тодорхойлдог.
Судалгааг Улаанбаатар хот, орон нутгийн бизнес эрхлэгчдээс онлайн болон ярилцлагын хэлбэрээр 2021 оны арваннэгдүгээр сараас эхлэн 2022 оны нэгдүгээр сарыг дуустал явуулж, түүврийн шаардлага хангасан Улаанбаатар хотын 507, 21 аймгийн 244, нийт 751 аж ахуйн нэгжийн судалгааны үр дүнг нэгтгэжээ.
Энэ удаагийн судалгаагаар бизнес эрхлэгчид 2021 онд цар тахлын өмнөх үетэй харьцуулахад төрийн үйлчилгээний хүнд суртал ихэссэн гэж үзжээ. Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоогүй байдал, төрийн үйлчилгээ авахад зарцуулж буй цаг хугацаа ихээхэн хүндрэл учруулж байна гэжээ. Төрийн үйлчилгээний цахим “e-mongolia” нэгдсэн системд бизнес эрхлэгчид уламжлалт үйлчилгээнээс илүү сайн үнэлгээ өгчээ.
Хүнд суртлын индекс 2021 онд 2.72 үнэлгээтэй гарсан, энэ нь бизнес эрхлэгчид 2018 онтой харьцуулахад төрийн үйлчилгээ авахад хүнд суртал ихэссэн гэж үзжээ.
Ерөнхий үнэлгээний дэд үзүүлэлтүүдээс төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагын ерөнхий үнэлгээ бусад үзүүлэлтүүдтэй харьцуулахад сайн, харин төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо муу байна. Харин нарийвчилсан үнэлгээний дэд үзүүлэлтүүдээс үйлчилгээ авахад зарцуулж буй хугацаа хамгийн их хүндрэл үүсгэж байгаа бол тухайн үйлчилгээтэй холбогдох мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдал, албан зардлын хэмжээ дунджаас дээгүүр илүү сайн үнэлгээтэй байна.
2018 онтой харьцуулахад албан хаагч, баримт бичиг, хугацаатай холбогдох үнэлгээ хамгийн их дүнгээр буурсан ба эдгээр үзүүлэлтүүдтэй холбогдох хүндрэл, хүнд суртал илүү ихэссэн, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах чиглэлд бодлого, шийдвэр боловсруулан ажиллахдаа эдгээр үзүүлэлтүүдэд анхаарах шаардлагатай байна.
Төрийн үйлчилгээний үндсэн 4 төрлөөс зөвшөөрлийн үйлчилгээ хамгийн бага үнэлгээтэй ба хамгийн их хүнд сурталтай байна. Түүнчлэн хяналт шалгалт явуулах, худалдан авах ажиллагаанд оролцох зэрэг үйлчилгээнүүд дунджаас бага үнэлэгджээ.
Бизнес эрхлэгчид төрийн нэг үйлчилгээ авахдаа дунджаар 6 баримт бичиг цуглуулж, 3 албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулж, 360 мянган төгрөгийн албан зардал гаргаж байна. Харин нийт судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 45 хувь нь үйлчилгээ авахдаа албан бус зардал гаргасан ба нэг үйлчилгээ авахад дунджаар 219 мянган төгрөг төлжээ.
Төрийн байгууллагаас үйлчилгээ авах явцад судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 16 хувь ба нийт 94 аж ахуйн нэгж хууль, дүрэм журмын зөрчил гарсан гэж үзсэн ба 3 байгууллага тутмын нэг нь л үйлчилгээтэй холбоотой гомдол гаргасан бол эдгээр гомдлын дөнгөж 8 нь зохих журмын дагуу шийдвэрлэсэн.
Судалгаанд оролцсон нийт бизнес эрхлэгчдээс 41 орчим хувь нь төрийн үйлчилгээний “E-mongolia” цахим системийг ашигласан, цахим үйлчилгээ авах системд 3.46 үнэлгээ өгсөн нь төрийн үйлчилгээний дундаж үнэлгээ (3.01), дэд үзүүлэлтүүдээс илүү сайн үнэлгээтэй байна.
Сэтгэгдэл ( 1 )
АВИЛГА АВАХ НӨХЦЛИЙГ НЬ БАГАСГАЧИХААР АВИЛАГА АВААГҮЙ АЛВАН ТУШААЛТАН ХӨДӨЛЖ ӨГӨХГҮЙ ГАЙ БОЛЖ БАЙНА. ЗӨВШӨӨРЛӨӨ ТӨЛБӨРТЭЙ БОЛГО. ХЭН ХҮССЭН НЬ Л АВЧ БАЙГ.