ОХУ-Украины дайнтай холбоотойгоор манай улсын гадаад төлбөр тооцооны нөхцөл байдал ямар байгаа вэ гэдэг асуудал чухал сэдэв юм.
Учир нь олон улсад үүссэн геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж Монгол Улсаас ОХУ руу иргэд, аж ахуй нэгжийн гадаад шилжүүлэг хийх, бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог гүйцэтгэхэд 2022 оны гуравдугаар сараас эхлэн хүндрэл үүссэн. Энэ талаар Төв банкнаас дараах мэдээллийг өгч байна.
Монголбанкны зүгээс импортын нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн төдийгүй иргэдийн гадаад төлбөр тооцоог рублиэр саадгүй гүйцэтгэхийн тулд банкуудаас нөхцөл байдлын талаар тухай бүр судалгаа авах, дүн шинжилгээ хийх, оролцогч талуудыг хэрэгцээт мэдээлэл болон зохицуулалтаар хангах, эрх бүхий олон улсын байгууллагуудад үүсэж буй хүндрэл, эрсдэлийн талаар уламжилж, боломжит арга хэмжээ авах, гадаад төлбөр тооцоог дамжуулах нэмэлт суваг бүхий олон улсын төлбөр тооцооны бусад сүлжээнд холбогдох гарцыг судлах зэрэг ажлыг тогтмол хийж байна.
Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээний хүрээнд СВИФТ сүлжээнээс ОХУ-ын банк, санхүүгийн байгууллагыг 2022 оны гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хассан. Улмаар олон улсын бусад корреспондент банкууд тус улс руу гүйлгээ дамжуулахаас татгалзаж, манай улсын дийлэнх банкуудын ОХУ руу хийх төлбөр тооцоо буюу иргэд, аж ахуй нэгжийн гүйлгээг зогсооход хүргэсэн юм. Холбогдох зарим банкууд ОХУ-ын Транскапитал банкаар дамжуулан зөвхөн нэн шаардлагатай төлбөр тооцоог гүйцэтгэж байсан боловч Америкийн Нэгдсэн Улсын Сангийн яамны дэргэдэх Гадаад хөрөнгийн хяналтын газар (OFAC)-аас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн санхүүгийн нэмэлт хориг арга хэмжээ авах шийдвэрийн дагуу Транскапитал банкаар төлбөр тооцоог дамжуулах боломжгүй болсон.
Европын холбооны 2022 оны зургадугаар сарын 3-ны өдрийн шийдвэрийн дагуу СВИФТ сүлжээнээс Москва Кредит банкийг 2022 оны зургадугаар сарын 14-ний өдөр хассанаар Монгол Улсаас ОХУ руу хийх иргэдийн төлбөр тооцоо бүрэн зогссон.
Монголбанк нь оролцогч талуудаас олон удаагийн давтамжтайгаар мэдээлэл цуглуулж, тэдгээрт дүн шинжилгээ хийн олон улсын эрх бүхий байгууллагуудад холбогдох асуудлаар албан бичиг, захидал хүргүүлж, уулзалт зохион байгуулах замаар онцгой анхаарал хандуулан хамтран ажиллаж ирсэн.
Үүний үр дүнд Монголбанк нь Америкийн Нэгдсэн Улсын Сангийн яамны дэргэдэх Гадаад хөрөнгийн хяналтын газар (OFAC), Английн Сангийн яамны Санхүүгийн хориг арга хэмжээний хэрэгжилтийн газар (OFSI) зэрэг байгууллагаас 2022 оны тавдугаар сарын 16, 2022 оны наймдугаар сарын 15-ны өдөр Монгол Улсаас шилжүүлэг хийхэд төлбөр тооцоог хориг арга хэмжээнд ороогүй байгууллагаар дамжуулан гүйцэтгэх зориулалт бүхий “Монгол Улсын эрчим хүч, энергийн бүтээгдэхүүний төлбөр” ерөнхий лицензийг (General licenses) авсан байна. Мөн энэ дагуу банкуудад ерөнхий лицензийн талаарх мэдээллийг тухай бүр хүргүүлэн ажиллаж байгаа аж.
Манай улсын нефть, шатахууны төлбөр тооцоог гүйцэтгэхэд ОХУ-ын Оросын Бүс Нутгийн Хөгжлийн Банк (Всероссийский банк развития регионов), Росбанк, Газпромбанктай манай банкууд корресподент харилцаа тогтоож, ностро дансыг тус банкууд дээр нээх албан хүсэлт хүргүүлжээ. Эдгээрээс Росбанк, Газпромбанк тус хүсэлтийг хүлээн авч, дотоодын зарим банкуудын ностро данс нээх үйл ажиллагаа хяналтын шатандаа явагдаж байгаа юм байна.
Монгол Улсаас гадаад гүйлгээг саадгүй дамжуулах, СВИФТ сүлжээнээс гадна нөөц системтэй байх, олон улсад үүссэн геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж ОХУ руу гүйцэтгэх нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүн тэр дундаа шатахуун, нефтийн бүтээгдэхүүний төлбөр тооцоо саатаж хомсдол үүсэх, цаашлаад Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын төлбөр тооцооны БНХАУ-ын CIPS систем, Cбер Финлайн систем, ОХУ-ын CПФС системийг судлах ажлыг хийж гүйцэтгэжээ. Эдгээрээс CПФС системийг нэвтрүүлж, суурилуулснаар ОХУ руу хийх төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэх боломжтой талаар тус байгууллагатай холбогдож, техникийн шаардлагыг хүлээн авсан аж. ОХУ-ын Төв банкнаас нэвтрүүлсэн “Санхүүгийн мессеж дамжуулах систем (Financial messaging system- СПФС)-д 400 гаруй банк, санхүүгийн байгууллага гишүүнээр элссэн ба үүний 23 нь олон улсын банк, санхүүгийн байгууллага байна.
Манай улсын банкуудаас СПФС системд холбогдон төлбөр тооцоогоо гүйцэтгэдэг банк одоогоор бүртгэгдээгүй. ОХУ-ын Төв банктай хэрхэн хамтран ажиллах, СПФС системд холбогдоход гарч болох эрсдэл, сул болон давуу байдал, бусад улсаас манай улсад үзүүлэх нөлөөллийн талаар судлан холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.
ОХУ-тай холбоотой үүссэн геополитикийн нөхцөл байдал нь урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа тул гадаад төлбөр тооцоог саадгүй дамжуулах тогтвортой үргэлжлэх урт хугацааны шийдлийг олж, энэ дагуу Монгол Улсын гадаад харилцааны бодлоготой уялдуулан авч хэрэгжүүлэхэд Монголбанкнаас гадна төрийн бусад байгууллагын оролцоо, шаардлагатай байна. Ингэснээр төрийн болон хувийн хэвшлийн зүгээс нэгдсэн чиглэлийн дагуу хугацаа алдалгүй, үр дүнтэй хариу арга хэмжээг авах боломжтой юм.
Сэтгэгдэл ( 0 )