Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд цахим орчинд ихэвчлэн үйлдэгдэж байна.
Энэ төрлийн гэмт хэргийн онцлог нь их хэмжээний мөнгө эргэлддэг, хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдын дансаар дамжуулан, санхүүгийн эргэлтэд оруулж байгаа нь давхар мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулдаг.
Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа 229 сайтын үйл ажиллагааг хязгаарлаж, мөрийтэй тоглоомын орлого 200,7 сая төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 2021 онд нийт 189 хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, прокурорт шилжүүлсэн байна.
Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж, тодорхой ажлуудыг зохион байгуулснаар энэ оны эхний есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах 78 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 102 буюу 56.6 хувиар буурчээ.
Мөрийтэй тоглоом нь хүнийг хар тамхинаас илүүгээр донтуулдаг бөгөөд үүнээс шалтгаалж хохирогч нар нь эд хөрөнгө, хадгаламж, бэлэн мөнгөө алдах, орон байраа барьцаалах, цаашилбал өр зээлэнд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох хүртэл хор уршиг дагуулдаг. Иймд олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
Хэрэв үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан тохиолдолд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах, 20 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай байдаг.
Сэтгэгдэл ( 0 )