Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас жил бүр тогтмол зохион байгуулдаг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа өнөөдөр /2022.10.20/ нээлтээ хийлээ. Аравдугаар 23-ныг дуустал Сүхбаатарын талбайд дэлгэгдэх тус үзэсгэлэн, худалдаанд өнгөрсөн жил 130 гаруй иргэн, аж ахуй нэгж 1500 орчим бараа, бүтээгдэхүүнээ дэлгэж байжээ. Харин энэ жилийн хувьд есөн дүүргийн 140 гаруй иргэн, аж ахуй нэгж 2000 орчим бүтээгдэхүүнтэйгээр үзэсгэлэн, худалдаанд оролцож байна. Үзэсгэлэн, худалдаанд дотоодод үйлдвэрлэсэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулж байгаа бөгөөд худалдаа эрхлэгчдээс асрын түрээс авахгүй байгаа юм. Тиймээс худалдаа эрхлэгчдийн зүгээс бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалах аж.
Баянгол дүүргээс л гэхэд 20 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ (ЖДҮҮ) эрхлэгч уг үзэсгэлэн худалдаанд оролцож байна.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч Х.Уртнасан:
-Миний хувьд 2012 онд Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв байгуулагдах үед анхны 10 гишүүний нэг нь байлаа. Манайх арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд Ойрад үндэстний хувцас урладаг. Уг үзэсгэлэнд арьс, ширэн бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Түүхий эдээ 100 хувь дотооддоо үйлдвэрлэн, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байгаа. Ер нь Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс түрээсийн төлбөргүй үзэсгэлэн, худалдаа болон үечилсэн сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг нь тун ач холбогдолтой санагддаг.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч Н.Баянжаргал:
-Би 2018 оноос аяны зориулалтын цүнх хийж эхэлсэн. Ер нь Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаануудад байнга оролцдог. Бидний бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлан таниулах, худалдаа эрхлэх таатай боломж нөхцөлийг олгодгоороо ач холбогдолтой. Дөрвөн өдрийн турш бид бүхнээс ямар нэг асрын түрээс, төлбөр авалгүй, худалдаа эрхлэх боломж нөхцөлөөр хангаж өгч байгаад баярлаж байна. Бид ч иргэдэд үйлдвэрийн үнээр нь бүтээгдэхүүнээ худалдах болно гэлээ.
Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Ч.Чойдог “Нэг ч ЖДҮҮ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” уриатайгаар жил бүр зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаанд энэ жил Баянгол дүүргээс 20 гаруй ЖДҮҮ эрхлэгч оролцож байна. Хүнсний бүтээгдэхүүн, ховор эмийн ургамал, гар урлал, бэлэг дурсгал, хувцас, үндэсний хувцас гэх мэтчилэн бүх төрлийн бүтээгдэхүүнийг үзэсгэлэнд дэлгээд байна. Худалдан авагчдын урмын үг, дэмжлэг, худалдан авалт бүхэн ЖДҮҮ эрхлэгчдэд маш том дэм болно” хэмээв.
Ням гараг хүртэл дөрвөн хоногийн турш 10:00-18:00 цагийн хооронд үргэлжлэх үзэсгэлэн, худалдааг зорин, өвлийн бэлтгэлээ базаахын зэрэгцээ дотоодынхоо бүтээгдэхүүнийг худалдан авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс мөн уриалж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )