Д.Бямбасүрэн: УИХ нь олигархиудын гарт орчихсон төр хөдлөхөд их хэцүү

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 11 сарын 04

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд  Д.Бямбасүрэнг “Өглөөний зочин”-ы хойморт урьж, улс орны тулгамдсан асуудал, эдийн засгийн сэдвээр ярилцлаа.


-Дэлхий хурдтай өөрчлөгдөж байна. Энэ дунд Монгол Улс тэсч үлдэх, дархлаагаа хамгаалахын тулд яах ёстой вэ. Үүнд хүн болгон санаа зовнидог. Танд юу бодогддог бол?

-Дэлхий дээр хүн төрөлхтний түүхэнд ховорхон тохиолддог том үйл явдал болж байна. Нэг талаас их гүрнүүдийн хоорондох хүчний хуваарилалт өөрчлөгдсөнтэй холбоотой гэж харагдаж байгаа. Нөгөө талаас хүн төрөлхтний хөгжлийн зайлшгүй тохиолдох зүй тогтолтой үзэгдлүүд илэрч байна гэж болох юм.

Дэлхий дээр АНУ эдийн засаг, технологи, цэрэг зэвсгийн хувьд хүчирхэг байж тэргүүлэх үүрэг гүйцэтгэж ирсэн бол одоо өөрчлөгдсөн. Өөр улс орнууд хүчирхэгжиж, байр суурийн төлөөх тэмцэл явж байна. Нөгөөтээгүүр соёл иргэншлийн талаас асар том үйл явдал болж байна. Европын соёл иргэншил үндсэндээ үнэт зүйл, хөгжилд тэргүүлэх чанар нь доройтсон. Хүн төрөлхтний хөгжлийн төв нь Европоос Ази руу шилжиж байгаа шилжилттэй холбоотой юм. Энэ үйл явц янз бүрийн хэлбэрээр өрнөж болно. Эдийн засгийн өрсөлдөөн, тэмцэл хямрал, цэрэг дайны сөргөлдөөн, ер юу ч байж болно. Үүнийг одоогоор хэн ч хэлж чадахгүй. Гэхдээ одоогийн байдлаас харахад, дэлхийн том гүрнүүдийн удирдагчдын баримталж байгаа үзэл баримтлалаас дүгнэхэд  ойрын 10 жилд дэлхий маш их хөдөлгөөнтэй байх нь. Тиймээс энэ үзэгдлийг түргэн өнгөрөх цаг зуурын үйл явц гэж харж болохгүй. Энэ дунд монгол орон чухам яаж амьдрах вэ, яах вэ гэдэг асуудал гарна л даа. Тэгэхээр үйл явдал өрнөхөд Монголоос шалтгаалах юм бараг байхгүй. Биднээс гадуур өөр хүчин зүйлүүдээр өрнөнө. Үр дагавар нь харин Монголыг тойрохгүй. Монгол орны хувьд зайлшгүй өөрсдөө бодож, өөрийгөө энэ үйл явдлын тайлалд бэлтгэх том асуудлууд бий л дээ.

-Тэр нь юу вэ?

-Жишээ нь Монгол оронд одоо илэрч байгаа олигархи толгойтой баячуудыг тахиж шүтсэн, төр нь баячууд, олигархиудын гарт төвлөрсөн энэ тогтолцоо мөн үү гэдэг асуудал гарна. Энэ чинь дэлхий нийтийн хямралд их том үүрэг гүйцэтгэлээ шүү дээ.

Тухайлбал, Украин улс гэхэд  саяхан хэдэн олигархи нь засгаа барьж, барууныхан болоод гадныханд тал засах, үндэснийхээ эрх ашгийг огоорох байдалтай явж байсан. Тэгвэл одоо Украин үндэстэн, улс гүрэн болж тогтож чадах уу, үгүй юу гэдэг асуудалтай тулгараад байна. Нөгөө талаас үнэт зүйлтэй холбоотой. Саяхан бид Европын бүх юмыг шүтээд л европ милитаризмын үзэл гэдэг хүрээнд тэмүүлж явлаа.

Монгол орон ардчиллын замаар замнасан 30-аад жилийнхээ үр дүнг авч үзэх юм бол энэ дунд эргэж харах зүйл бидэнд багагүй бий. Тэгэхээр ардчилал гэдэг ойлголт өөрөө Европоос гаралтай  олонхын засаглал, ард түмний засаглал гэж ойлгогддог боловч одоогийн Европ, барууны орнуудын баримталж байгаа үзэл нь өөрийн язгуур мөн чанар, өөрийн соёл иргэншлээ зөрчих  түвшинд хүрлээ. Өөрсдийн хэн болохыг мэдэхээ байлаа, эцэг эхээ ч ялгахаа болилоо. Үүнээс улбаалан янз бүрийн үзэгдлүүд гарч байна. Нэг талаас хүний эрх гэдэг үнэт зүйлээ хэт давруулж ойлгосон нөхцөлд тэр нь хууль дүрмийг огоорох, хувийн эрх ашгийг нийгмээс дээгүүр тавих зам руу ордог юм байна гэдгийг бид харж байна шүү дээ. Тэгэхээр сүүлийн үед Монголын нийгмийн өмнө тохиолдож байгаа бэрхшээлүүд нь неолиберал үзлийн хүрээнд Монголд орж ирсэн  тэр л үйл явдлууд Монголын ард түмнийг ч, төрийг ч цуцааж байна.

Жишээ нь, шүүх нь ямар ч шийдвэр гаргалаа гэсэн эргээд тэр нь баттай биш. Гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн байтал  нэг прокурор хүчингүй болгочихдог. Тэгээд хэрэг хийсэн хүмүүс нь хүний эрх гэдэг том тунхаг урдаа барьчихаад шүүхийн өмнө “Би буруугүй” гээд зогсоод байдаг. Шүүх нь шийдвэр гаргахдаа бас хальтирхай, халирхай байдал гаргадаг явдал харагдаад байгааг анхаарах ёстой. Нөгөө талаас одоогийн шинэ дэглэм тогтоход хүн төрөлхтний амьдрал бүхэлдээ илүү шударга ёсонд тулгуурлах болно. Одоогийнх шиг авлигад идэгдсэн төр, авлигаар олон түмнийг мөлждөг тогтолцоо цаашид хаана ч явцгүй болно. Тэгвэл өнөөдөр авлигын асуудал Монголд ямар байгаа билээ. Бид мэднэ шүү дээ, гурван оронтой тоог хоёр оронтой тоонд оруулна гэж яриад байдаг. Тэр бол арга ядсан л асуудал. Энэ мэтээр Монголын хувьд дэлхийд өрнөж байгаа үйл явлууд гол нь том чиглэлээр нөлөөлнө.

-Дэлхийн эдийн засгийн төлөвтэй манай улсын  төсвийн бодлого хэр нийцэж байдаг бол?

-Эдийн засгийн хувьд, өнөө маргаашийн амьдралын хувьд бол олон асуудал бий. Жишээлбэл, Европт эрчим хүчний хямрал бий боллоо. Зөвхөн Европ ч биш дэлхий дээр нэлээн том үйл явдал болж байна. Үүнээс үүдэж эрчим хүчний үнэ өсөх хандлага гарч байна. Зах зээлийн хооронд тогтсон харилцаа холбоо, манайхан логистик гэж ярьдаг системүүд бүгд эвдэрлээ. Адаглаад Монгол орон Европоос бүтээгдэхүүн авна гэхэд хаагуур тойруулж авах нь, хэдий хугацаанд авах нь тодорхойгүй болж эхэллээ. Энэ мэтээр эдийн засагт нөлөөлөх юм их бий. Хэрэв  том гүрнүүдийн хоорондох сөргөлдөөн, цэрэг дайны түвшинд хүрэх юм бол дэлхий дээр түүхий эдийн үнэ ямар болох нь ойлгомжтой. Учир нь үйлдвэрлэлийн хэмжээ буураад ирнэ шүү дээ. Зэсийн үнэ өмнөх жилүүдэд 10.600 ам.доллар хүрч байсан бол одоо 7500-тай явж байна.

Алтны үнэ ноднин 2100-2200 ам.доллар  хүрч байсан. Одоо 1600 орчим болсон. Тэгэхээр түүхий эдийн үнээс шалтгаалж, Монголын эдийн засаг хүндэрнэ. Хүнсний асуудал гарна. Энэ чиглэлээр өөрийгөө хангах бодлого явуулахгүй бол манайхан 7000 км-ийн цаанаас давсалсан огурцы зөөж иддэг. Давсалсан огурцы 95 хувь нь ус шүү дээ. Тэгэхээр эрх биш нэг юм бодох ёстой болноо доо. Ийм үед улс орон өөрийнхөө дотоод амьдралын зохион байгуулалтыг маш эмх цэцтэй болгож, чамбайруулж, хэмнэлтийн горимд ажиллах ёстой юм даа. Одоо хүртэл манай төрийн бодлогод хямрал болохоор төсөв тэлнэ гэдэг солиотой бодлого явж ирсэн. Харин энэ жил хэмнэлтийн төсөв гэж баталлаа. Аштай вэ дээ гэж бодож сууна. Хоёр их наядын алдагдалтай батлах гэж зүтгэх болов уу гэж харж байсан. Гэтэл  нэг их наяд таван зуун тэрбумын алдагдалтай байхаар тооцжээ. Энэ бол одоогийн түвшинд байж болох асуудал.

-Ирэх оны төсөвт зэсийн үнийг 8000 гарантай боджээ. Үүнийг та боломжтой гэж үзэж байна уу?

-8130-аар бодсон байна лээ. Одоо бол зэсийн үнэ  6700 орчим ам.доллар байна. 6000 орчим байхад Монголын үйлдвэрүүд ашигтай ажиллаж чадна. Алдагдалтай болохгүй. Гэхдээ улсын орлого 30-40 хувиар буурна шүү дээ.

-Шинэ хуваарилалт, дэлхийн том үйл явдлууд болж өнгөрсний дараа ямар өөрчлөлт гарах вэ гэдэгт  хүмүүс таамаглал дэвшүүлж, судалж байх шиг байна?

-Дэлхийн том гүрнүүд ямар байх вэ гэдэг асуудал бий. Мэдээж АНУ ч, ОХУ ч, Хятад ч бүгд үлдэнэ. Гагцхүү тэдний хоорондын хүчний хуваарилалт ямар байх вэ гэдгээс болно. Одоо Европ үндсэндээ АНУ-ын хараанд орчихлоо. Түүнээс ихээхэн хамаарах байдалд хүрлээ. Ази тив харьцангуй тайван, төвшин үлдэх байдал харагдаж байна. Гэхдээ үйл явдлын хүрээнд цаашид яаж ч хувирч магадгүй. Үүнд монголчууд бэлдэх л хэрэгтэй.

-Тэгэхээр ирэх оны төсвийг  та нааштай болж гэж дүгнэж байна уу?

-Хэд хэдэн зүйл дээр тэгж үзэж байгаа юм. Жишээ нь, хөрөнгө оруулалт гэхэд шинээр барилга эхлүүлэхээ больж, дуусаагүй ажлуудаа гүйцээе гэсэн байна. Энэ маш зөв. Дуусаагүй барилга бол  газар руу хийсэн үр ашиггүй хөрөнгө шүү дээ. Үхмэл хөрөнгө болчихоор үнэ ч, зардал  ч өснө. Цааш эдийн засгийг идээд байна. Өр зээлд ч оруулна. Үнэ өсөхөөр нэмэлт төсөв хэрэгтэй болно. Үүнийг энэ жил овоо нааштай шийдэж байгаа юм байна. Гэхдээ анхаарууштай асуудал бий. Хүүхдийн мөнгө гэхэд 3.5 саяас дээш орлоготой айлд өгөхгүй гэж байна. Санхүүгийн талд тэр ярьж болох асуудал. “Баян айл  100 мянган төгрөгөөр дутаа аж” гээд. Гэтэл цаад хүүхэд нь монгол нутагт, монгол эх оронд хүн болж төрсөн  шүү дээ.

Монгол эх оронд төрөхөд төр засаг, түмэн олон маань намайг хадаг барьж угтсан юм. Надад уух сүүний мөнгө өгсөн юм гэнэ биз дээ. Тэгэхээр хүүхдийг ялгаж болохгүй. Авахгүй гэж байгаа айл байвал тэр мөнгийг  хүүхдийн нэр дээр хадгаламжинд хийгээд 18 нас хүрсэн хойно нь “Чамайг төрөхөд эх орон чинь хадгалсан мөнгө  шүү” гээд өгөхөд ямар байх вэ. Түүнээс одоо төсөвт энэ мөнгийг хасна гэж байгаа нь  хүмүүнлэг биш гэж бодож байна. Тэр хүүхэд том болоод төр засаг, эх орон минь надад 100 мянган төгрөг өгч байсан юм гэж бодох  атал намайг гадуурхаж, баян  айлын хүүхэд гээд  тэтгэлгээс хасаж байсан  юм чинь гээд гадагшаа тэнээд алга болох сэтгэхүйтэй болно шүү дээ. Тиймээс  ялгаж боломгүй.

-Та Ерөнхий сайд байсан хүний хувьд  одоогийн  Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүгнэлт хийж байдаг бол?

-Засгийн газрын үйл ажиллагаа ямар үр дагавартай байх нь юуны өмнө танхимаа хэрхэн бүрдүүлж вэ, хэн тэр Засгийн газрын  нэрээр ажиллаж байна вэ гэдгээс ихээхэн хамаарна. Одоогийн засаг 22 сайдтай боллоо. Миний бодоход, төрийн сайд хүн  тухайн салбараа мэддэг байх учиртай. Хааш нь жолоодох вэ, хүчин чадал, нөөц бололцоо нь ямар вэ гэдгийг мэддэг хүн сайд байвал салбарыг  удирдаж чадна. Огт мэдэхгүй хүн тэнд очоод сайд болно гэдэг сонин шүү дээ. Юу хэлэх юм бэ, юу хийх юм. Одоогийн хүчин чадал, нөхцөл байдлыг харахад хэн дуртай нь давхиж очоод сайд болчихдог.

Тэгээд янз бүрийн үр дагавартай үлдэж байна. Тэр дунд улс эх орноо худалдаад алга болж байгаа хүн ч байна. Салбараа нураачихаад явж байгаа нь ч байна. Ажил нь нурчихсан хүмүүс ч байна. Нэр томъёо ч үгүй улс байна. Төрийн ажлыг явуулахад Монголын одоогийн төр нэгдүгээрт, саад бус сайдыг томилдог байх хэрэгтэй юм. Хоёрдугаарт, тарга биш даргыг томилдог байх хэрэгтэй. Гуравдугаарт, шүүгчдийг  томилохдоо анхаарах хэрэгтэй. Ингэвэл ажил нь урагшаа явна. Сайд, саад гэдэг хоршоо үг биш шүү дээ. Юм мэдэхгүй хүн сайд болчихоор автоматаар, өөрийнхөө мөн чанараар төрийн ажилд саад болно. Нийгмийн хөгжилд саад болно. Би бүгдийг нь мэргэжлийн бус гэж хэлэхгүй. Жишээлбэл, Б.Бат-Эрдэнэ аварга спорт хариуцаж байна. Өөрөө олим, дэлхийн аварга, үндэсний бөхийн аварга хүн. Тамирчнаас эхлээд явсан олон жилийн дадлага туршлагатайн хувьд тэр чиглэлд ажиллаж чадна. Гэтэл зарим сайд нь огт өөр мэргэжлийн хүмүүс тухайн салбарт гэнэт  очихоор болохгүй байна. Нөгөөтэйгүүр сайдын  үзэл бодол нь буруу тийш хандсан бол төр, нийгэмд маш хортой нөлөө үзүүлнэ.

-Одоогийн Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-д эдийн засгийн асуудлуудаа зангидаж байна. Та эдийн засгийн бодлогын алдаа оноог дэнсэлж үзэв үү?

-Одоогийн эдийн засгийн бодлогыг аваад үзэхэд манайд ашигт малтмалын нөөцийн төлбөр гэж ойлгомжгүй юмнууд байна. “Эрдэнэт” үйлдвэр 16.4 хувьд хүрч байхад Оюу Толгой таван  хувиар гээд ижилхэн үйл ажиллагаа явуулаад сууж байна. Энэ бол  боловсруулах үйлдвэрүүдээ, Монголын аж үйлдвэржилийг чөдөрлөсөн бодлого шүү дээ. Бүр номлолтой бодлого. Үүнийгээ өөрчлөхгүй бол Засгийн газар яаж өөдтэй ажиллах вэ дээ. Татварын бодлого дээр Ардын намынхан миний мэдэхийн хоёр ч сонгууль дамжуулан  “Шаталсан татварын системийг хэрэглэнэ. Өсөн нэмэгдэх татвар хэрэглэнэ”  гэж ярилаа.

Сая улсын төсвийг батлах хэлэлцүүлгийн үед “Зөвхөн хүн амын татвар дээр шаталсан татвар хэрэглэнэ” гэж байна. 2013 оны есдүгээр сард батлагдсан Хөрөнгө оруулалтыг хамгаалах хууль гэж бий. Тэр нь өнөөдөр хөрөнгө оруулалтыг боомилж  ямар ч бодлого явуулах бололцоогүй болгочихоод байна шүү дээ. Том аж ахуйн нэгжүүдэд  15 жил, заримд нь 30 жилийн хугацаатай баталгаа гаргаад өгчихсөн, татварын хувь хэмжээг өөрчлөхгүй гээд. Энэ бол монгол орны эдийн засаг байтугай тусгаар тогтнолыг устгах сөрөг нөлөөтэй. Энэ маш том саад. Ийм асуудлуудаа шийдэж байж Засгийн газрын үйл ажиллагааг зөв зүйтэй болгох тухай ярина. Гэхдээ одоогийн Засгийн газрын хувьд би хоёр зүйл дээр овоо доо гэж бодож суудаг. Нэгдүгээрт, аль ч засгийн үед эдийн засагтаа тулгарсан гол асуудлыг барьж авах ёстой. Одоо Монголын эдийн засагт нэн тэргүүнд  боловсруулах үйлдвэрүүдийн асуудал байна. Баяжмалаа зэс болгоё, нүүрсээ кокс болгоё, төмрийн хүдрээ баяжмал, ган болгоё гээд цааш явах асуудлууд. Хоёр дахь нь логистик. Өнгөрсөн 2-3 жилд Монголын тэлэлтийг логистикийн асуудал баглаллаа. Энэ дундаас одоогийн Засгийн газар тээвэр логистикийн асуудалд анхаарал хандуулж,  шийдэх зорилт тавиад явж байна. Энэ их зөв.

-Эрчим хүчний чиглэлд ч олон ажил эхлүүллээ?

-Эрчим хүчний талаар улс орноо биеэ даасан байдалд хүргэх асуудал тавьж, зорьж байгаа нь зөв. Гагцхүү шийдэх арга зам нь ямар байх нь вэ. Эрчим хүчний хувьд гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд байх юм бол одоогийнхоос ч дордож магадгүй. Үүн дээр болгоомжтой хандах ёстой. Хувийн бодлоо хэлэхэд, ер нь Засгийн газрын хувьд юм хийе гэж оролдож байв ч аж ахуй хариуцсан сайд нар нь даанч яав даа гэмээр байх юм. Аль ч улс орон шинжлэх ухаан, технологийн дэвшлээр хөгждөг гэдгийг өнөөдөр дунд сургуулийн хүүхэд хүртэл мэднэ.

Гэтэл Боловсрол, шинжлэх ухааны яамны баримталж байгаа бодлогыг харахад ДНБ-нийхээ нэг хувийг зургаа хуваасны нэгийг л шинжэх ухаанд зарцуулж байна шүү дээ. Уг нь зорилтот хөтөлбөрүүд гаргаад химийн, биотехнологийн, нанотехнологийн   гэхчлэн чиглэл чиглэлээр нь төрөөс дэмжиж, түүндээ хүчээ төвлөрүүлж, бүх талаас бодлогоор зангидаад ажиллавал амжилтад хүрч болно шүү дээ. Энэ талаар би хааяа зарим жишээг бодож л суудаг юм. 1986 онд биотехнологийн асуудал анх хүчтэй яригдаж эхлэхэд  Монгол орон 184 биологийн эрдэмтэнтэй, Куба улс 12 эрдэмтэнтэй байлаа. Тэгвэл  Куба улс биотехнологийн чиглэлээр дэлхийн түвшинд хүрч, одоо бол инженерчлэлээрээ  дэлхийд тэргүүлэх хэмжээнд явж байна. Тэднийхээс хэдэн арав дахин илүү эрдэмтэнтэй  Монгол оронд  юу ч байдаггүй. Тэгэхээр шинжлэх ухаан, технологийн  дэвшилтэт бодлогыг зорилтот хөтөлбөрүүдээр дамжуулан  хэрэгжүүлэх ур чадвар манай Засгийн газарт дутаж байна. Хамгийн түрүүнд сайд нар нь үүнийг хийж чадахгүй байна. Сайд өөрөө шударга хүн байж болно, дайчин байж болно, ажлаа  мэдэхгүй дөрвөн жил тэнд суухаар саад гэдэг тодорхойлолт авахад хүрнэ шүү дээ.

-Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгай, төрд үүрлэсэн авлигатай тэмцэхээ илэрхийлсэн. Чадах болов уу?

-Сүүлийн үед авлигатай тэмцэх талаар нэлээд алхмууд хийж байна. Гэхдээ нэг юм яриад хэдэн жилээр алга болчих юм. Нүүрсний тээврийн асуудлыг өнгөрсөн өнгөрсөн тавдугаар сард УИХ дээр ярьсан. Одоо түүнийгээ  хөдөлгөх тухай асуудал сөхнө гээд байгаа юм уу, сөхөхгүй ч гээд байгаа юм уу. УИХ нь өөрөө олигахиудын гарт орчихсон төр хөдлөхөд их хэцүү байдаг юм байна. Энэ бол Засгийн газрын хувьд зовлон.

Үргэлжлэл бий.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tөөмөө(119.40.98.177) 2022 оны 11 сарын 07

Буурал мянгуужин гэсэн хүн нэрээ биччихээч ажилдаа тэнцэхгүй хөөгдсөн, хягадын эрлийз, оркуудын нэгэн байх. Хүний бичсэн зүйлийг ойлгох ч ухаан алга даа.

0  |  0
Irgen(192.82.68.61) 2022 оны 11 сарын 07

BYAMBASUREN GUAIN TOLOIG ASHIGLAACHEE.ERUNHII SAID NARAAS HAMGIIN CHADVARTAI NI BAISAN

0  |  0
Zochin(202.126.90.159) 2022 оны 11 сарын 06

Буурал мянгуужин өүо зөнөжээ Өаги хэзэ олимпийн аврага юм 20р тогтоол гнж Монголчуждыг элгээр нь хэвтүүлсэн өгөр буриад

0  |  0
(103.212.119.214) 2022 оны 11 сарын 05

jungaanuudin gart uu

0  |  0
Иргэн(66.181.191.52) 2022 оны 11 сарын 04

Монголын төр засаг , хэвлэл мэдээлэл ,шүүх цагдаа бүгд Сү. Батболдын мэдэлд орсон .

2  |  0
Уншигч(64.119.25.210) 2022 оны 11 сарын 05

Жээнко бол манай банхар гээд л пялдагадаад байсан билүү, настай намбатай, сэхээтэн хүн гэхэд арай л шуналтай юм шиг санагддаг шүү, дандаа л захиалгаар мэдээлэл хийж байдаг, цаанаа л нэг оросын төлөө зорилготой.

1  |  4
Иргэн(150.129.140.64) 2022 оны 11 сарын 05

Сонгуулаар гарахдаа ард түмний амьдрал ядуу байна гээд их юм ярьсан даа.Одоо тэгээд ядуурлын төлөө тэмцэж байна уу?\n\n

0  |  2
Ах(202.126.88.205) 2022 оны 11 сарын 05

Яг үнэн хэлсэн бна Төрийн толгойд олигарьхууд дүүрсэн бүгд хоорондоо нээнтэгтэй,Шүүх нь шийдвэр гаргах чадамжгүй эргэж буцсан мөнгөтэй хүн ямар ч хэрэг хийсэн хамаагүй болсон

3  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 11 сарын 05

ug ny altnaas ch unetei dee

2  |  0
Top