Нам ч үгүй, тамга ч үгүй АН нэртэй нөхөд айсуй 2023 оны төсвийн төсөөллийг шүүмжилж, МАН-аас Ц.Даваасүрэн нарын гишүүд Сангийн сайд Б.Жавхланг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн чуулганы хуралдаанаар барин тавин зарлав. Тэгэхээр нь АН нэртэнгүүд улстөржиж, Ц.Даваасүрэн гишүүнийг ээлжит шантаажаа хийж байгаа гэж бодсон ч мэдээллийн мөрөөр нь мөшгив. Гэтэл Сангийн сайд маань төсвөө ч төсөөлж чадахгүйн зэрэгцээ жинхэнэ ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн гэдгийг эх сурвалжид олонтаа дурджээ.
Юуны өмнө ирэх 2023 оны төсвийн талаар амтай бүхэн шүүмжлэл өрнүүлж байгааг дурдахгүй байхын аргагүй. Тухайлбал, Засгийн газраас ирэх 2023 оны эдийн засгийн нөхцөл байдлыг ихэд гэгээлгээр төсөөлж байгаа. Тэд эдийн засгийн өсөлт таван хувьд хүрэх, инфляц нэг оронтой тоонд хүрч буурах, экспорт өсөх, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурах, валютын ханш тогтворжих зэргээр өөдрөг байр суурь илэрхийлж байгаа. Чухам юунаас болж ийн үзэх болов гэхээр Сангийн яамны алба хаагчдын төсвийн төсөлд тусгасан тоо баримт нь ийнхүү Засгийн газрыг ихэд өөдрөг болгосон аж. Шуудхан хэлэхэд Б.Жавхлан сайдын чиг баримжаагүй бодлогын үр дүн ийнхүү уран зөгнөлт зохиол шиг төсвийг бий болгосон гэж эдийн засагчид үзэж байна.
Мөнхүү Засгийн газар 2023 оны төсвийн орлогыг энэ оны батлагдсан дүнгээс 3.3 их наяд төгрөг буюу 20.4 хувиар нэмэгдүүлэн, 19.6 их наяд төгрөг байхаар тооцжээ. Уг орлогыг боомтын сэргэлтийг эрчимжүүлэн, эрдэс бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, татварын бүртгэл, хамрагдалтыг сайжруулахаар орж ирнэ гэжээ. Гэтэл эдийн засгийн дотоод, гадаад нөхцөл байдал тун хүнд байна. Өмнөд хөрш ирэх 2023 онд ч хилээ нээхгүй гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Ямартай ч тэд 2023 оны долоодугаар сард Бээжин хотод зохион байгуулагдах Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг цуцалсан албан мэдээ байна. Тэгэхээр ирэх оны долоодугаар сар хүртэл өмнөд хөрш хилээ нээхгүй гэсэн үг.
Тэгвэл хойд хөршийн дайн дажин дуусах нь бүү хэл эхэлж байгааг шинжээчид дурдсан. Зэр зэвсгээ базааж, цэрэг армиа зузаатгаж байгаагаас харахад хойд хөршид энх цаг тогтох болоогүйг хэлж байна. Монгол Улс ердөө л хойд өмнөд хөршөөс хараат явж ирсэн учраас төсвийг өөдрөгөөр төсөөлөхөд эртдэнэ. Нөгөө талд Монгол Улсын өр 33 тэрбум ам.долларт хүрсэн. Олон улсын зээлжих зэрэглэл буурсан.
Зарим эдийн засагчдын хэлж байгаагаар бол дефольт зарлахад бэлэн болсон гэх. Энэ хэрээр гадны хөрөнгө оруулагчид нүүр буруулах болсон зэрэг олон шалтгаан нь төсвийг яавч гэгээлгээр төсөөлөх аргагүй юм. Гэтэл төсвөө ч төсөөлж чадахгүй байгаа Сангийн сайдын ашиг сонирхлын зөрчлийн талаар парламент дотор дуугараад эхэлжээ. Тодотговол, “Чингис хаан” банк руу гэнэт төсвийн мөнгө гулсах болсны цаана Сангийн сайд байсныг Ц.Даваасүрэн гишүүн баримтаар дэлгэсэн төдийгүй “Чингис хаан” банкны нууц эзэн нь Сангийн сайд Б.Жавхлан гээд шууд зарлачихлаа.
Тухайлбал, түүний эхнэр А.Соёлмаа “Чингис хаан” банкны Ерөнхий захирал Б.Батхүүтэй “Ньюгоби гэйт” компанийг хамтарч эзэмшдэг бизнесийн түншүүд аж. Тийм учраас Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын 130 тэрбум төгрөг тус банкинд байршиж, Хөгжлийн банкны 37.4 тэрбум, Хөгжлийн банкны дамжуулсан зээлийн үлдэгдэл 1.1 тэрбум, Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм лизинг” компанийн есөн тэрбум төгрөг, Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм Ассет Менежмент” компаниас хоёр тэрбум төгрөг гээд зөвхөн Хөгжлийн банкнаас бараг 50 тэрбум төгрөгийн зээл авсан баримт бий. Түүнчлэн Сангийн сайд 11 гишүүнтэй хамтран жижиглэн мөлжих хуулийн төслийг “Хөгжлийн банкны тухай хууль”-д оруулж, улмаар нөхдийн хамт “Чингис хаан” банкинд 49 тэрбум төгрөгийг байршуулаад байхгүй болгосон, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан, Хөгжлийн банк, Бичил санхүүгийн хөгжлийн сангаас “Зэт финанс” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 900 тэрбумаар гурван удаа зээл авсан гэх баримт дэлгэжээ. Үүнийг ашиг сонирхлын зөрчил гэхээс өөрөөр юу гэж тайлбарлах юм.
С.ДАНЗАН
Сэтгэгдэл ( 2 )
Банкны эдийн засагч хамгийн муу чадваргүй эдийн засагч байдаг.
Жавхлан огцорно уу. Чамд Сайд хийх ямарч ёс зүй үлдсэнгүй.