Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Цагдаагийн байгууллагад “Үл таних хүмүүст зодуулсан хүүхэд байна, ар нуруу хэсгээс нь цус гараад байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Энэхүү мэдээллийг хүлээн авч цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад 13 настай, эрэгтэй “Т” нь бусдад зодуулсан, ар нуруу болон хавирга орчимд зүсэгдсэн шархтай байсан тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хэн болохыг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжилж, ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн 12-14 насны 4 сурагч үйлдсэн болохыг тогтоосон байна.
Шалгалтын явцад урьдчилсан байдлаар хохирогч “Т”-г цүнх авлаа гэх шалтгаанаар 13 настай, эрэгтэй “Д” нь дал болон хавирганы орчим хоёр удаа хутгалж биед нь гэмтэл учруулсан байжээ.
Дээрх хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт шалгаж байна.
Иймд, эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхэдтэйгээ илэн далангүй нээлттэй байх, хүүхдийнхээ найзалж нөхөрлөж буй хүүхдүүд болон цахим хэрэглээнд нь анхаарах, хүчирхийлэл, дарамт дагуулсан үйлдлийг холбогдох байгууллагад мэдээлэх, мэргэжлийн байгуулагад хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )