Өдөрт ₮1 их наяд хүрч байсан виртуал хөрөнгийн арилжаа ₮300 тэрбум болж буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 07

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн дагуу зах зээлд үйл ажиллагаа явуулж байсан 9 биржийг СЗХ  бүртгэжээ.  Эдгээр биржид дотоодын 19, гадаадын 160 виртуал хөрөнгө арилжаалагдаж байна. 

Зах зээлийн үнэлгээний хувьд 2021 оны оргил үед 1 өдөрт дунджаар 1.0-1.4 их наяд төгрөгийн арилжаа хийгдэж байсан бол 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 1 өдөрт дунджаар 300  орчим тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж буй аж.

Тодотгоход, Монгол Улсад өнгөрсөн 2021 онд койны “халуурал” явагдаж, олон арван койн зах зээлд гарсан.  Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлснээр 2021 оны 12 дугаар  сард арилжаалагдсан койн/токенуудын зах зээлийн нийт үнэлгээ 1.23 их наяд төгрөгт хүрч ДНБ-ий 3 орчим хувьтай тэнцсэн үзүүлэлттэй байв.

Тэгвэл Монголд виртуал хөрөнгийн зах зээл хурдан өргөжихөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байж болно гэж Дэлхийн банкны мэргэжилтнүүд үзсэн юм. Тухайлбал:

Нэгдүгээрт,  өнгөрсөн онд мөнгөний бодлогын төлөв сул байсан  нь банкуудыг хадгаламжийн хүүгээ  бууруулахад хүргэсэн. 2021 оны наймдугаар сар гэхэд төгрөгийн хадгаламжийн бодит өгөөж хэдийнэ  сөрөг болсон тул хөрөнгө оруулагчид өөр хувилбар, ялангуяа виртуал хөрөнгийг эрэлхийлэхэд түлхэц болжээ.

Хоёрдугаарт, хэд хэдэн койн/токен капитал хөрөнгийн ашиг, өгөөж өндөртэй гүйцэтгэлийг харуулсан байна. Тухайлбал, IHC 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр 0.3 орчим төгрөгийн ханштай байсан ч хэдхэн хоногийн дотор ханш нь 28.76 төгрөгт хүрч өссөн.

Гэвч 2021 оны 12 дугаар сард IHC койны үнэ 4.3 орчим төгрөг болтлоо буурч, үнийн ихээхэн хэмжээний залруулга хийснээр эрт хөрөнгө оруулалт хийсэн худалдан авагчдын хувьд бодит бус ашиг нь 1,333 хувьд хүрсэн байна. Зах зээлийн нийт үнэлгээгээр хоёр дахь том койн болох ARDX нь мөн ихээхэн хэлбэлзэлтэй замналыг туулсныг тус банкны мэргэжилтнүүд дурдсан юм.

СЗХ-ноос мэдээлснээр 550,000 орчим хөрөнгө оруулагчдын 75 орчим хувь нь зах зээлийн идэвхтэй оролцогчид бөгөөд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид бүртгүүлсэн байна. Хувь хүн эсвэл аж ахуйн нэгжүүд олон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч  дээр бүртгүүлэх боломжтой тул хөрөнгө оруулагчдын давхардсан энэ тоон үзүүлэлт хэтрүүлэгтэй тооцоолол байх магадлалтайг мөн сануулж байна.

Асар их хэлбэлзэлтэй койнтой холбоотой үүсэж болзошгүй эрсдэлийг харгалзан эрх бүхий байгууллагууд койн болон бусад виртуал хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдыг хамгаалахад шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтын тогтолцоог боловсруулах үүрэг бүхий УИХ, СЗХ-оор ахлуулсан хоёр ажлын хэсэг байгуулж, улмаар 2021 оны 12 дугаар сард Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд энэ оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр Санхүүгийн зохицуулах хороо хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмын шаардлагыг хангасан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэж, тэдгээрийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх эрх зүйн орчин бүрдсэн.

Тодруулбал,  крипто биржүүд албан ёсоор  Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх шаардлагатай бөгөөд зах зээлд гарах аливаа койн заавал бүртгэлтэй биржээр дамжих ёстой болсон юм.

Энэ хүрээнд, зах зээлд гарахдаа крипто биржээр дамжаагүй 21 койны хоёрдогч зах зээлийн арилжааг зогсоож буйгаа Санхүүгийн зохицуулах хорооноос  өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдэж байв.

Тодруулбал, өнгөрсөн онд нийтдээ 59 койн зах зээлд гарсны 38 нь крипто биржээр дамжин зах зээлд гарсан бол, 21 нь биржээр дамжаагүй учраас ийнхүү хуулийн зохицуулалтаар хоёрдогч зах зээлийн арилжаа нь зогсоогдсон юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.88.237) 2022 оны 11 сарын 07

storepay s bolgoomjil hvmvvsee

0  |  0
mglchuud(202.126.88.237) 2022 оны 11 сарын 09

hamgiin novshiin coin bol Storepay shvv hvmvvsee

1  |  0
Top