Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн 60 орчим сурагч болоод зарим ажилчид амьсгалын дутагдалд орж, эмнэлэгт хүргэгдээд байна.
Сургуулийн их завсарлагааны үеэр энэхүү үйл явдал болсон бөгөөд ахуйн газ цацсан байж болзошгүй гэх анхан шатны таамаглалыг эх сурвалжууд дэвшүүлжээ.
Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч н.Жавхлангаас тус аймгийн DBS телевиз тодруулга авахад дараах хариултыг өгчээ.
Тэрбээр "Одоогоор хэргийн газарт цагдаа, тагнуулын байгууллага ажиллаж байна. Эхний мэдээллээр ахуйн газ биш болох нь тогтоогдсон. Харин тус сургуулийн сурагч нулимс асгаруулж, амьсгал боогдуулагч бодис цацсан болох нь эхний шалгалтаар тодорхой болж байх шиг байна. Үргэлжлүүлэн цагдаагийн байгууллага хэргийг нарийвчлан шалгаж байна.
Бидний зүгээс Мэргэжлийн хяналтын байгууллага ажиллуулж, агаарын чанарт шинжилгээ хийлгэж, сургууль үргэлжлэн ажиллах боломжтой эсэхийг тогтоохоор ажиллана.
Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар энэхүү бодис нь амь насанд нөлөөлөхүйц хор хөнөөлийг үзүүлэхгүй гэж байгаа ч эмч нар нарийн шинжилгээ, эмчилгээг шуурхай үзүүлж байна" гэлээ.
Болсон явдалтай холбоотойгоор “Оюуны ирээдүй” сургуулийн захиралтай холбогдоход "Сургуулийн камерыг шүүж байгаа, эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдэд анхан шатны тусламж үзүүлж байна. Мэргэжлийн байгууллагууд сургууль дээр хяналт хийж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.
Харин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч "Хордлого тайлах эмчилгээг хүргэгдэж ирсэн хүмүүст шуурхай хийсэн. Одоогоор хүндэрсэн, ухаангүй байгаа хүүхэд алга. Тиймээс эцэг, эхчүүдэд тайван байхыг зөвлөж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )