Сурагчид найз охиноосоо болж бусдын биед халдсан гэжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зодооны асуудлын талаар Цагдаагийн ерөнхий газраас тайлбар өглөө. 

Олон нийтийн цахим сүлжээнд 2022 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр нийтлэгдсэн бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг хийжээ.

Улмаар 17 настай, эрэгтэй Т, 17 настай, эрэгтэй М нар нь энэ оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үл таних эрэгтэйтэй маргалдах үедээ болон хоёрдугаар сард 16 настай, эрэгтэй Т-г найз охинтой нь харилцаа тогтоолоо гэх шалтгаанаар биед нь халдсан болохыг тогтоосон байна.

Холбогдогч нар өөрийн гар утсанд дээрх бичлэгийг хадгалж байгаад, найзууддаа дамжуулснаар цахим орчинд нийтлэгдсэн. Дээрх хоёр гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь цагдаагийн байгууллагад урд өмнө бүртгэгдээгүй.

Одоогийн байдлаар хохирогчид гэмтлийн зэрэг тогтоох чиглэлээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч томилон шинжилгээ хийлгэх, хохирогч болон холбогдогч нарыг Дүүргийн гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хорооны хамтарсан багт холбон зуучлах зэрэг ажиллагааг хийж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top