Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 33.3 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй. Үүний 36.5 хувь нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг гэсэн ангилалтай. Тухайлбал, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ий /MMC/ 2024 онд хугацаа нь дуусах 440 сая ам.долларын бонд үүнд багтана.
Тэгвэл олон улсын үнэлгээний агентлагууд “Mongolian Mining Corporation”-ий /MMC/ зээлжих зэрэглэлтэй холбоотой эсрэг тэсрэг байр суурь бүхий мэдээллүүдийг сүүлийн өдрүүдэд өгч байна.
“S&P”-гийн зүгээс “Mongolian Mining Corporation”-ий /MMC/ урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B-“ээс “СС”, 2024 онд хугацаа нь дуусах 440 сая ам.долларын бондын зэрэглэлийг “B-“ээс “СС” болгон бууруулж, ам.долларын бонд нь дефолтын эрсдэлд ойр байна хэмээн мэдэгдсэн юм.
Харин “Fitch Ratings” агентлагийн мэдээлэлд, “Mongolian Mining Corporation”-ий зүгээс хөрөнгө оруулагчдад тавиад буй 440 сая ам.долларын бондоо 100 сая ам.доллароор буцаан худалдан авах саналыг нь хүлээн авбал компанийн зээлжих зэрэглэлд нөлөөлөхгүй талаар дурдаад байна.
Сануулахад, “Mongolian Mining Corporation” 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн хөрөнгийн 20 хувьтай тэнцэх хувьцааг Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан, олон нийтэд санал болгож, 651 сая ам.долларын хөрөнгө босгож байсан юм.
Харин 2016 онд дээрх бонд болон 100 орчим сая ам.долларын гадаад зээл, хүүний төлбөрөө төлж чадалгүй, компанийн ханш нь жилийн дотор 83 хувиар унаж байв. Тухайн үед компанийн зүгээс бонд эзэмшигчид, зээлдүүлэгч нартай зээлийн бүтцээ шинэчлэх хэлэлцээр хийн, эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж, хүүний хэмжээг бууруулж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )