Дөрвөн гэмт хэрэг тутмын нэг нь ЦАХИМ ЗАЛИЛАН байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 14

Монголбанк, Цагдаагийн Ерөнхий Газар, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам, Монголын Банкны Холбоо хамтран цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор  “UNSEND” буюу “Бүү шилжүүл” аяныг өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай зохион байгуулж буй талаараа мэдээллээ./2022.11.14/

Цагдаагийн байгууллагаас уг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өгч байна.

2022 оны 1-10 дугаар сард цагдаагийн байгууллагад 31 мянган гэмт хэрэг бүртгэгдсэнээс 32.8 хувь буюу 10 мянга орчим нь залилах гэмт хэрэг байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 97.3 хувь нэмэгдсэн тоо аж. Тэгвэл залилах гэмт хэргийн 88.2 хувийг зөвхөн цахим залилангийн хэрэг эзэлж буй бөгөөд 4 гэмт хэрэг тутмын 1 нь цахим залилангийн хэрэг байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Энэ төрлийн гэмт хэрэг өсөж буй нь ард иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой гэж цагдаагийн байгууллага үзэж байна. Манай улсад интернэт хэрэглэгчийн тоо 3.2 саяд хүрсэн, фэйсбүүк хэрэглэгчид давхардсан тоогоор 2.8 саяд хүрснийг тодотгосон.

2022 оны эхний арван сарын байдлаар залилах гэмт хэргийн улмаас  818.7 тэрбум төгрөгийн хохирол учирснаас, 799.3 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлж ажиллажээ. Цахим залилангийн тухайд аравдугаар сарын байдлаар 19 тэрбум төгрөгийн хохирол учирсан, жилээс жилд энэ төрлийн гэмт хэргийн гаралт  өсөж байна гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top