Монголбанк, Цагдаагийн Ерөнхий Газар, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам, Монголын Банкны Холбоо хамтран цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “UNSEND” буюу “Бүү шилжүүл” аяныг өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай зохион байгуулж буй талаараа мэдээллээ./2022.11.14/
Цагдаагийн байгууллагаас уг гэмт хэргийн шалтгаан нөхцөл болон урьдчилан сэргийлэх талаар өгсөн мэдээлэлдээ “Цахим орчинд залилах гэмт хэргийн нөхцөл байдал хүнд байна. Тиймээс ард иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байх, сэргийлэхэд чиглэсэн мэдээлэл хүргэх зорилгоор “UNSEND” буюу “Бүү шилжүүл” аяныг өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.
Энэ төрлийн гэмт хэргийг судлаад үзэхээр хохирогчид гар утсандаа ирсэн тоо, үсгээс бүрдсэн нууц үгээ бусдад шилжүүлээд, фэйсбүүк хаягаа алдах, тухайн фэйсбүүк хаягаар нь гэр бүл найз нөхөд нь бичиж байгаа юм шиг байдлаар бичээд мөнгө залилж байна. Нөгөө талаас урьдчилгаа төлбөр хэлбэрээр бусад руу мөнгө шилжүүлээд залилуулж байна. Ийм хоёр үндсэн тохиолдол түгээмэл байна. Тиймээс хувийнхаа мэдээлэл буюу гар утсанд ирсэн нууц үгээ бусдад бүү шилжүүл, урьдчилгаа төлбөр хэлбэрээр бусдад мөнгө бүү шилжүүл гэдэг утгаар энэ аяныг “UNSEND” буюу “Бүү шилжүүл” гэж нэрлэсэн гэв.
Мөн “Таны гар утсанд ирж байгаа үсэг, тооноос бүрдсэн нууц үг, таны гэрийн түлхүүртэй адилхан юм аа. Та гэрийн түлхүүрээ хүн болгонд өгөөд явуулаад байдаггүй шиг гар утсандаа ирж байгаа мэдээллээ нууцлах хэрэгтэй байна. Мөн урьдчилгаа төлбөр хэлбэрээр ямар нэг байдлаар мөнгө шилжүүлэх гэж байгаа бол үнэхээр баталгаатай байгууллага, аж ахуйн нэгж рүү шилжүүл. Цахим орчинд урьдчилгаа төлбөр авдаг визний залилан, байрны залилан гэх мэт байна. Тэдгээр залилан мэхлэх хэргийн хохирогч бүү болоосой, мөнгө бүү шилжүүлээсэй гэдэг үүднээс энэ аяныг зохион байгуулж байна.
Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид 35-аас дээш насны иргэд байна. 35-аас дээш насны иргэд цахим мэдээллийнхээ аюулгүй байдлыг хамгаалах чадвар сул, цахим хэрэгсэл рүү нь илүү нэвтрэх боломжтой этгээдүүд байна. Дээрээс нь гэмт этгээдүүд хөдөө орон нутгууд руу чиглэж энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхийг төлөвлөж байна. Өмнө нь мессеж бичээд, нууц үгийг нь авдаг, урьдчилгаа төлбөр авах хэлбэрээр залилдаг байсан бол одоо хуурамч дуудлага хэлбэрээр залилж байна. Хуурамч дуудлагаар тань руу залгаад банкнаас ярьж байна, таны нууц дугаарыг сэргээх гэж байна гэж яриад, таны нууц үгийг авахаар гэмт этгээдүүд төлөвлөж байна хэмээн сэрэмжүүллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хуцаад байгаарай. Өмнөх үеээ дандаа муулж, доош нь хийж байдаг та муусайнууд хөгшрөхгүй юм шиг аашилдагаа татвал таарна.