“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатыг “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилох шийдвэрийг Засгийн газар гаргажээ. Түүнийг З.Ган-Очир гишүүний оронд томилсон байна.
Ингэснээр Оюутолгой төслийн 34 хувийн эзэмшигч Монгол Улсын Засгийн газрын эрх ашгийг “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-д Нацагийн Багабанди, Энхбаатарын Баясгалан, Намсрайн Цэрэнбат нар хэрэгжүүлэн ажиллахаар болж буй юм.
Тодотгоход, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн өмнөөс компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлогын чиглэлийг тодорхойлж ажилладаг гэсэн мэдээллийг “Оюу Толгой” ХХК-ийн зүгээс өгдөг.
Гэхдээ бодит байдал дээр өнгөрсөн хугацаанд “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ гүйцэтгэх удирдлагад хяналт тавих, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах, хамгаалах тал дээр сайн ажиллахгүй байна гэх шүүмж дагаж ирсэн.
Тухайлбал, Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр хэтэрч, ашиглалтад орох хугацаа хоёр жилээр хойшилж, хувьцаа эзэмшигчдэд очих төслийн үр өгөөж буурсан нь ТУЗ-ийн зүгээс гүйцэтгэх удирдлагад тавих хяналт сайнгүй байсантай холбоотой. Тиймээс ТУЗ цаашид хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд гүйцэтгэх удирдлага хангалттай сайн ажиллаж байна уу, сайжруулах, анхаарах зүйл юу байна гэдэгт төвлөрч, шийдвэр гаргах шаардлагатай гэхчлэн зарчмын асуудлуудыг Оюутолгойн хэлэлцээний ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоо өмнө нь хэлж байв.
Мөн 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй Э.Баясгалан “Компанийн засаглалыг сайжруулах асуудлаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас хяналт тавих үүргийг хэрэгжүүлье гэсэн санал оруулсныг ТУЗ-ийн хурлаар хэлэлцэн, баталсан талаар 2021 оны 11 дүгээр сард хэлж байсан юм.
Тэрбээр “ТУЗ-ийн хурлаар уг шийдвэр гарснаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК хувь эзэмшигчийн хувьд хяналтаа тавиад явах бүрэн эрхтэй болсон. “Оюу Толгой” ХХК шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Уг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн чадавхыг сайжруулах үүднээс мэргэжилтнүүдийг томилно. Үйл явдлын мэдээллийг болоод өнгөрсний дараа биш, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хийгдэх явцад оролцоотой байх, шат дараалалтайгаар хяналт тавиад явах ажлыг эхлүүлэх нөхцөл одоо бүрдэж байна. Мэдээж үүнд тодорхой хугацаа орох байх” гэж байсан.
Тэгвэл хувь эзэмшигчийн хувьд хяналтаа тавиад явах бүрэн эрхтэй болсон гэж ойлгогдож буй “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн захирал нь ТУЗ-ийн шинэ гишүүнээр ирж байна.
Дашрамд, “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг танилцуулъя.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА - ГАЛСАНГИЙН БАТСҮХ
Галсангийн Батсүх 2010 оны зургадугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсон.
Г.Батсүх 2010 оны гуравдугаар сар хүртэл Монгол Улсын Гадаад харилцааны яаманд тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байв. Үүнээс өмнө 2001-2005 онд Монгол улсаас Канад улсад суух Элчин сайд бөгөөд Перу, Бразил, Парагвай улсыг хавсран суух Элчин сайд, 2005-2009 онд Монгол улсаас БНХАУ-д суух Элчин сайд бөгөөд Австрали, Шинэ Зеланд, Пакистаныг хавсран суух Элчин сайдаар ажиллаж байв. Тэрээр 1992 оноос дипломат албанд ажиллаж эхэлсэн бөгөөд олон улсын худалдааны магистр, олон улсын харилцааны докторын зэрэгтэй. Өмнө нь Монголын үндэсний аялал жуулчлалын газар (“Жуулчин” нэгтгэл)-т дэд дарга, даргаар ажиллаж байв.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН - НАЦАГИЙН БАГАБАНДИ
Н. Багабанди нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж, Улсын Их Хурлын анхны даргаар 1992 онд томилогдож Монгол Ардын Хувьсгалт Нам (одоогийн Монгол Ардын Нам) -ын даргаар ажиллаж байсан арвин туршлагатай. Тэрбээр 2010 - 2013 онд Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сард Оюу толгой ХХК-ийн ТУЗ-д дахин томилогдсон байна. Н. Багабанди 1987 онд философийн ухааны дэд доктор эрдмийн зэргийг дүүргэж Украйн, Казахстан, Турк, Япон, АНУ зэрэг улсуудын нэр хүндтэй их дээд сургуулиудаас хүндэт доктор цол хүртсэн юм. 1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, 1996-1997 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга, 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН - ЭЛИАС СКАФИДАС
Элиас Скафидас нь 2018 оны есдүгээр сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тэрээр Рио Тинтогийн Зэсийн группийн Санхүү хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байна. Тус албан тушаалд томилогдохоос өмнө Элиас нь Гвиней Улсын Симанду дахь Рио Тинтогийн төмөрлөгийн уурхайд Үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаал хашиж байсан юм. Мөн тэрээр Рио Тинто группийн Компанийн хөгжил болон Санхүүгийн албадаас гадна “Төмрийн хүдэр”, “Очир эрдэнэ ба ашигт малтмал”, “Эрчим хүч ба ашигт малтмал” зэрэг салбар нэгжид нийт 15 жил ажилласан бөгөөд Рио Тинтод ажиллахаасаа өмнө аж ахуйн нэгжийн санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан.
Элиас нь Симанду дахь Рио Тинтогийн төмөрлөгийн уурхайд байхдаа Чиналко тэргүүтэй Хятадын төрийн өмчит компаниудын консорциумтай хамтарсан үйлдвэр байгуулах яриа хэлэлцээг амжилттай удирдсан. Тэрбээр мөн 2008 оноос хойш БНХАУ-д идэвхтэй үйл ажиллагаа явуулж, компани нэгтгэх, худалдан авах, зарим салбар нэгжийг зарах, Хятадтай харилцах стратеги боловсруулах, хамтарсан аж ахуйн нэгж байгуулах, түүний яриа хэлэлцээг өрнүүлэх, төслийн санхүүжилт ба хөрөнгө босгох ажлыг хариуцах, техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа болон зураг төсөл, хангамж, барилга угсралтын ажлуудыг гардан зохион байгуулах зэрэг чиглэлүүдээр ажиллаж ирсэн.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН - ЛЮК КОЛТОН
Люк Колтон нь 2018 оны дөрөвдүгээр сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тэрбээр 2017 оны аравдугаар сарын 9-ний өдөр “Туркойс Хилл Ресурсез” компанийн санхүү эрхэлсэн захирлаар томилогдсон. Ноён Колтон 2004 оноос “Рио Тинто”-ийн эрдэс, төмрийн хүдэр, эрчим хүчний чиглэлийн бизнесийн нэгжүүдэд ажиллаж буй. Тэрбээр сүүлд “Ричардс Бэй Минералс”-ын санхүү эрхэлсэн захирал, удирдлагын багийн гишүүний хувиар санхүү болон удирдлагын нягтлан бодох бүртгэл, бизнес төлөвлөлт, сан хөмрөг, татвар, агуулах, хууль дүрмийн хэрэгжилтийг шууд хариуцан ажиллаж байв. Ноён Колтон “Рио Тинто”-д ажиллахаас өмнө ”Эрнст ба Янг”-д ахлах нягтлангаар ажиллаж байсан.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН - ЭНХБААТАРЫН БАЯСГАЛАН
Э.Баясгалан нь 2020 оны арваннэгдүгээр сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тэрбээр тус албан тушаалд томилогдохоос өмнө АНУ-ын Нью-Иорк хотод “Номура Секюритийз Интэрнэшнл” компанийн Хөрөнгө оруулалтын банкинд Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан. Мөн тэрээр “Жэй Пи Морган Секюритийз”, “Саусгоби Сэндс,” “Саусгоби Ресурс” зэрэг компаниудад ажиллаж байсан.
Э.Баясгалан нь “Жэй-Пи Морган Секюритийз”-д ажиллаж байхдаа компаниудыг нэгтгэн нийлүүлэх, худалдаж авах болон компанийн зээл ба хувьцаа арилжаанд гаргах хэлцлүүдийг гүйцэтгэхэд амжилттай манлайлан оролцож байсан. Тэрбээр Чикагогийн Их сургуулийн Бүүт Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын магистр, Болгар Улс дахь Америкийн Их сургуулийн Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН - СТИВ ТИБОУ
Стив Тибоу 2015 оны аравдугаар сараас 2017 оны дөрөвдүгээр сарын хооронд “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2021 оны гуравдугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр дахин томилогдсон.
Тэрбээр Туркойз Хилл Ресурс компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Үүнээс өмнө Туркойз Хилл Ресурс компанийн Санхүү хариуцсан захирлаар 2014 оны зургадугаар сараас 2017 оны дөрөвдүгээр сар хүртэл ажиллаж байсан. Стив нь санхүү, компанийн удирдлагын чиглэлээр 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай. Түүний хувьд 2009 оны наймдугаар сараас 2014 оны тавдугаар сар хүртэл Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Австралийн “Энержи Ресурсиз” компанид Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан юм. Үүнээс өмнө Рио Тинто Алкан болон Алкан Алюминум Лимитид компанид уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр удирдах алба хашиж байв.
Стив 1981 онд Université du Québec à Chicoutimi-г Санхүүгийн мэргэжлээр, 1990 онд Монтреал дах École des Hautes Études Commerciales-г Нягтлан бодогч мэргэжлээр тус тус бакалаврын зэрэгтэй дүүргэсэн бөгөөд Австралийн захирлуудын институтийн гишүүн юм.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН - ДЭЙРДРЭ ЛИНГЕНФЭЛДЕР
Дэйрдрэ Лингенфэлдер нь 2022 оны гуравдугаар сард “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Дэйрдрэ нь уул уурхайн салбарт хуримтлуулсан арвин туршлагатай, шилдэг манлайлагч билээ. Тэрээр 2017 оноос эхлэн Рио Тинто компанийн Зэсийн группийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин (ЭМААБО) болон Орон нутгийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгчийн албыг өнгөрсөн таван жилийн турш хашсан.
Дэйрдрэ Рио Тинто группд ирж ажиллахаасаа өмнө Англо Американ, Де Биерс компаниудад олон улсыг хамарсан, өргөн хүрээтэй удирдах албан тушаалуудыг хашиж, гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлийн түвшний үүрэгт ажлуудад томилогдож байсан. Тэрбээр уул уурхай, аж үйлдвэрийн салбарт төрөл бүрийн таваарыг хамарсан үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн чиглэлээр 20 гаруй жил ажилласан.
Тэрбээр Йоханнесбургийн их сургуульд Худалдааны болон Шинжлэх ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН – НАМСРАЙН ЦЭРЭНБАТ
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1996 онд Увс аймаг Улаангом 2-р 10 жилийн сургууль
2000 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, санхүүгийн менежмент бакалавр
2001 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2000-2001 онд Мобиком корпораци
2003-2004 онд “Таван богд” групп
2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал
2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах
2012-2015 онд “Трансинконсулт” ХХК-д
2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга
2015-2016 онд “Юу Эф Си” группд гүйцэтгэх захирал
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
2021.10.01-нээс “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Тодотгоход, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажилласан Ажлын хэсэг өдгөө УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж буй. УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Ажлын хэсэг бүтцийн хувьд хэвээрээ бөгөөд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж буй юм.
Сэтгэгдэл ( 9 )
уул уурхайн ажил мэддэг хэл устай улсууд тавихгүй өндөр цалингаас болж бууж чадахгүй хүмүүсээр хөрөнгөө хамгаална гэдэг ч худал биз дээ угаасаа монголын төрийн байж байгаа үнэн царай зүс энэ биз дээ ямарч сэтгэлгүй хүмүүс байхаар яаж хөгжихөв дээ зүгээр монголоо бодох сэтгэл байхгүй
БАГАБАНДЬ ОДОО ЗАЛУУЧУУДЫН ХООЛ БУЛААЖ ИДЭЭД ЗАВААРААД СУУЖ БАЙХАА БОЛИМООР ЮМ АА. ЦЭРЭНБАТ Ч ГЭСЭН ИДЭХ ХООЛТОЙ БОЛ ӨӨР ЗАЛУУЧУУДАД БОЛОМЖ ОЛГОМООР ЮМ.
12 жил ажилласан нөхдүүдийг зайлуулах хэрэгтэй. Юу ч хийгээгүй
НТХ-ны зааварлагч бөмбөг дажгүй тоглочихдог солгой Жамцын сайн холбогч гээд даруухан гайгүй найзархаг нэгэн байсан бид нэг багийнхан одоо юу болоод хараал идээд суудаг боловоо Монголд ашигтай байх талаас нь эрх биш судалгаа хийдэг санал дэвшүүлдэг байлгүй дээ АН-нхан ад үзээд байнга л харааж зүхдэг.Одоо МАН-н гишүүд нэгддэг боллоо Хэрэгтэй юм хийх боломжгүй юм бол больчихмоор байх шиг
Багабандиа гэж...Зориг алуулдаг нэг шалтгаан нь
Наад Батсүх бгаа цагт Бага хүү яваргүй, наадах нь өрөө төлж бгаан
Ene durvoljin helelsen durak bish shuu ! Demii huniig ooriin erkh ashgiig hoish tavidag hun tomiloh estoi baisan yum !!! Ene hun bol bish shuu !!!!
Багабанди 34 хувийн эрх ашгийг яг хамгаалж харагдаач. Алтан бүс зүүгээд явдаг авилгачингаар алтаа хамгаалуулах ч гэж. Чоноор хонио мануулсан л юм болж байна.
Багабандиааааааааааааааааааа